Ө.Мөнх-Амгалан: Манай иргэд сумандаа дээд боловсрол эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-03 18:38:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сум иргэддээ дээд сургуулийн боловсрол олгох зорилгоор Засагт хан дээд сургуультай хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар тодруулахаар сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалантай ярилцлаа.

-Танай сум Засагт хан дээд сургуультай хамтран ажиллаж, иргэдэд сумандаа боловсролоо дэшлүүлэх боломжийг бий болгож байгаа юм байна. Энэ үйл ажиллагаагаа хэзээнээс эхлэх вэ?

-Бид магадлан итгэмжлэгдсэн "Засагт хан" дээд сургуультай хамтран сумынхаа боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчний нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор суурь боловсрол эзэмшсэн иргэд, төрийн албан хаагчдад бакалавр, магистрын боловсролыг орон нутагтаа эзэмшүүлэхээр болж байна. Сургалтыг танхимаар болон цахимаар явуулна.

Энэ сардаа бүртгэлээ хийгээд, он гараад хичээл эхэлнэ гэж төлөвлөж байгаа.

-Надад энэ үйл ажиллагаа их сайхан санагдсан. Учир нь иргэдээ хөгжүүлж байж л орон нутаг хөгжих ёстой гэж боддог. Таны хувьд өмнө нь бас иргэдээ хөгжүүлэх талаар ярьж байсан. Одоо хэрэгжиж эхлэх нь гэж ойлголоо.

-Тийм ээ. Би өмнө нь ярьж байсан. Иргэдийн оюун санааг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, хүний хөгжилдөө анхаарч ажиллана гэж. Тэгэхээр энэ зорилгоо хэрэгжүүлэх гээд л зүтгээд байгаа юм.

Ер нь бол төрийн байгууллага ч гэлтгүй хувийн хэвшилд ч мэргэжилтэй боловсон хүчин их дутагдалтай байдаг. Төвөөс хөдөөд очиж ажиллах хүн тун ховор. Тийм болохоор нутагтаа байгаа иргэдээ хөгжүүлэхгүй л бол сум орон нутаг хөгжинө гэж үгүй.

Суманд амьдарч байгаа хүмүүс маань тэр бүр гэр бүл, үр хүүхдээ орхиод Улаанбаатарт өдрөөр, эчнээгээр ч сурахад бэрхшээлтэй. Зардал мөнгө ч их гардаг. Тиймээс гэртээ байгаад, ажлаа хийгээд боловсролоо дээшлүүлнэ гэдэг бол том боломж юм шүү. Үүнийг иргэд маань боломж гэж харж, ашиглаад авах хэрэгтэй юм.

-Нэгэнт дээд сургуулийн багш нар танай суманд ирэх болохоор үндсэн ажлаас нь гадуур хамтарч ажиллах уу? Өөр чиглэлээр ч ажилласан хөгжлийн маш том боломж гэж харагдаад байна.

-Тэгнэ ээ. Энэ сургуультай хамтарч сумынхаа нийгэм эдийн засгийн суурь судалгааг хийж, 10 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Өмнө нь Мерси Кор Олон улсын дэмжлэгтэйгээр Стратеги төлөвлөгөө гаргаад энэ онд дуусч байгаа. Тиймээс өмнөх төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж, одоогийн нөхцөл байдлаа тодорхойлоод ирээдүйгээ төлөвлөх хэрэгцээ байгаа.

Хөгжлийн төлөвлөгөө гэдэг маань сумын эдийн засаг, нийгмийн байдал, зах зээлийн эрэлт, ажилгүйдэл, мал аж ахуйгаас өөр эдийн засгийн тулгуур юу байж болох нь вэ, энэ бүх асуудлын хүрээнд ирээдүйгээ тодорхойлон гаргаж, түүнийгээ улс төрөөс хамааралгүй хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг болох юм.

-Тэгэхээр 2022 он бол иргэдийнхээ боловсролд нэлээн анхаарсан жил болох нь ээ?

-Тийм ээ, ер нь манай сумын хувьд 2022 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд иргэд, төрийн албан хаагчдыг урт богино хугацааны сургалтад хамруулж, мэргэшлийн сертификат, дипломтой болгохыг зорьж байна.

Мөн байгууллагуудад архив бичиг хэрэг, төсөл бичих, бичиг хэргийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, компьютер дээр ажиллах, харилцааны ёс зүй гэх мэт чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.

Боловсон хүчний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд сумандаа ирж ажиллах хүнд эхний жилд 5 бог мал, 2 дахь жилд 2 сая төгрөг олгох бодлого барьж байна.

-Ирэх онд боловсролоос гадна ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай сумын хувьд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран ажиллахаар болж “Боловсон хүчнийг дэмжих” төсөл дэмжигдсэн. Улсын хэмжээнд Увс аймгийн Малчин, Хэнтий аймгийн Баян-Адарга, тэгээд манай суманд энэ төсөл хэрэгжихээр дэмжигдээд байна.

Энэ төслийн хүрээнд сумандаа ирж ажиллах боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 5 ханатай, тавилгатай гэр олгох, иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цаг болон секц дугуйлан хичээллүүлэх боломжийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг үйл ажиллагааг явуулна.  

Мөн сургуулийн дотуур байр шинээр барих хөрөнгө, санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгасан. Энэ ажлыг Г.Мөнхцэцэг гишүүн их сайн дэмжиж өгсөн. Нийт 1,6 тэрбум төгрөг батлагдсан байгаа. Түүнээс гадна сумын спорт заалны үлдэгдэл санхүүжилт болох 500,0 сая бас батлагдсан.

Манай сумын хувьд монгол өв соёлоо таниулах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өмнө нь “Морин аялал” зохион байгуулж байсан.

Энэ жил “Морин аялал”-аа хөгжүүлж, ХХҮГ болон бусад байгууллагатай хамтарч иргэдээ гар урлал хийж сурган, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьсан.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ