Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-03 20:17:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ дагуу аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Мөн тус өдрийг угтаж зарласан “Бэрхшээл ба Боломж” сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн эздэд шагналыг гардууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг дарга А.Ишдорж оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулсан бөгөөд тэдэнд тохирсон суурь үйлчилгээ, дэд бүтцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийг байгуулахаар хөөцөлдөж байгаагаа дуулгасан юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4257 иргэн байгаагаас 427 нь хүүхэд аж. Тэдгээрээс тогтмол ажлын байртай 151, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 90 иргэн байгаа юм. Өнөөдөр ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд аймгийн шагналыг гардууллаа.

 

Холбоотой мэдээ