30 дахь удаагийн “Номын баяр” орон нутагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-05 18:39:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Номын баярын үйл ажиллагааг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор орон нутагт тэмдэглэж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зорилтыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор "Номын баяр" орон нутагт үргэлжилж байгаа юм. Баянхонгор хотод маргааш зохион байгуулах "Номын баяр - Баянхонгорт" үйл ажиллагаа орон нутагт "Номын баяр"-ыг тэмдэглэж буй зургаа дахь аймаг болж байгаа аж.

Энэ жил номын баярыг Улаанбаатар хотод 30 дахь удаагаа зохион байгуулсан бол энэ намраас орон нутагт тойрон ажиллах үйл ажиллагааг эхлүүлжээ. “Хот хөдөөгийн уншлагын түвшнийг нэг хэмжээнд хүргэх, номын баярын өдрүүд гэсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлэх буюу яагаад энэ хууль гарав, мөн өдөр бүр ном уншихын чухлыг ойлгуулах зорилгоор орон нутагт өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Бидний баяр ирэх жилүүдэд магадгүй Оросын Улаан талбайн номын баяр шиг өргөн болж, бүх зохиолч маань талбай дээр зорин ирж, номын баяртаа оролцдог, эргээд тэндээсээ сурч мэдсэнээ аймаг аймагтаа очиж хэрэгжүүлдэг байгаасай. Эндээс бид гадны номын баярт оролцуулах сор бүтээлүүдээ шүүн тунгаан олж, гадны номын баярт оролцдог болохын төлөө ажиллаж байна” гэдгийг Үндэсний номын баярын санаачлагч, ном зүйч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд ярьсан.

Энэхүү номын баяраар зохиолч уншигчдын уулзалт, ЕБС-ийн сурагчдад зориулсан илтгэл сургалт, хүүхдэд ном сонгох зөвлөмж яриа, номын санч, нийгмийн ажилтнуудад зориулсан соёл олон нийтийн ажлын тухай уулзалт, шинэ номын үзэсгэлэн худалдаа болох юм.

Номын баярын үеэр ном худалддаг хувь хүмүүс, хэвлэлийн зургаан компани, зохиолчид өөрсдийн бүтээсэн ном зохиолуудаараа үзэсгэлэн гаргаж, номын худалдааг 10-50 хувийн хямдралтайгаар явуулах аж.

Холбоотой мэдээ