Шүлхий өвчний дэгдэлт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай, Өндөрхангай суманд гарсан малын шүлхий өвчний дэгдэлтийн талаар аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
“Малын шүлхий өвчин гарсан хоёр суманд дэгдэлт их байгаа
учраас вакцинжуулалтын ажил эхлээд байна. Аймгийн Мал эмнэлгийн газраас эрсдэлт
бүсэд байгаа долоон сумын 383 мянга орчим малыг вакцинжуулалтад хамруулахаар
төлөвлөсөн. Аймгийн шуурхай штаб өнөөдөр тус сумдын удирдлагуудтай цахим хурал
хийж, вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, мөн шүлхий
өвчний тархалтыг таслан зогсоох, хяналтын ажлуудыг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр
үүрэг даалгавар өгсөн.
Халдвар гарсан бүс нутгаас мал, мах, малын гаралтай
түүхий эд гаргах, тээвэрлэх хориотой байгаа. Малчид, иргэд энэ шийдвэрийг
мөрдөн ажиллах хэрэгтэй. Хэрвээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ.
Халдвар гарсан хоёр суманд малын гарал үүслийн бичиг олгохгүй байгаа тул иргэд
эрүүл бүс нутгаас мал, махаа бэлдэх шаардлагатай” хэмээн аймгийн Мал
эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Д.Ганхуяг хэллээ.