Сингапурт “омикрон” хувилбараар дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-10 12:11:10

СИНГАПУР. /TASS/. Сингапурт коронавирусний “омикрон” хувилбараар дотооддоо халдварласан анхны тохиолдол нисэх буудлын ажилтнаас илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


12 дугаар сарын 8-нд нисэх буудлын ажилтнуудын дунд "COVID-19"-ийн халдвар авсан эсэхийг шалгах долоо хоног тутмын шалгалтын үеэр уг вирус илэрсэн байна. Халдвар илэрсэн эмэгтэйг гэрийн тусгаарлалтад оруулжээ. 


“Омикрон хувилбар болохыг баталгаажуулсны дараа 24 настай иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлнэ" гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Түүнд халдварын шинж тэмдэг илрээгүй байна.


Урьдчилсан мэдээллээр, уг эмэгтэй дамжин өнгөрөх бүсэд халдварын эрсдэл өндөр орнуудаас ирсэн зорчигчидтой харилцахдаа шинэ хувилбарын халдвар авсан байж магадгүй байна.


Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт Германаас буцаж ирсэн Сингапурын өөр нэг иргэнээс “омикрон” хувилбар илэрсэн байна. “Халдвар авсан эмэгтэйчүүд вакцины хоёр тунд бүрэн хамрагдаж, нэмэлт тунг тариулсан байсан” гэж мэдээлэлд дурджээ.


Сүүлийн 24 цагт Сингапурт коронавирусний халдварын 682 шинэ тохиолдол илэрч, хоёр хүн халдварын улмаас нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 271 мянга давснаас 779 нь нас баржээ. Тус улсын хүн амын вакцинжуулалтын түвшин 87 хувьд хүрч, 29 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна.


Холбоотой мэдээ