Эсэргүүцлийн жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-11 18:22:59

Увс /МОНЦАМЭ/. 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжих Төрийн албаны тухай хуульд байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг үйлчилгээний ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай заалт оржээ.

Ингэснээр төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилчид хувийн хэвшил рүү шилжих ба гэрээтээр ажиллах юм. Тэгвэл энэхүү хуулиар далайлгасан шийдвэрийг цэцэрлэг, сургуулийн үйлчилгээ, аж ахуйн ажилчид эсэргүүцэн Маршал Ю.Цэдэнбалын талбайд Хүний эрхийн өдрөөр буюу энэ сарын 10-ны өдөр тайван жагсаал хийлээ.

Тэд хэлэхдээ “Амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж байгаа энгийн нэгэн ажилчин иргэдийнхээ тавагтай хоол руу төр хошуугаа дүрлээ. Өнөөдрийг хүртэл бид нэг ч удаа цалингаа нэмүүлэх талаар дуугарч үзээгүй атал эцэстээ амьдралын баталгааг алдагдуулсан шийдвэр гаргалаа. Өнөөдөр авч байгаа цалин маань амьдралд хүрэлцэхгүй байхад төсөв хэмнэх нэрийдлээр бидний эрх ашгийг хохироож байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл он гарсаар төрийн үйлчилгээний ажилчид гэрээтээр ажиллаж, цалингийн хэмжээ тогтмол бус, илүү цаг олгохгүй, НДШ төлөгдөхгүй байх зэрэг олон эрсдэлтэй байгаа юм.

Өдрөөс өдөрт амьдралын чанар, баталгаа алдагдаж, бензин шатахууны үнийн хөөрөгдөл газар авч, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өссөөр байгаа нь иргэдийн аж амьдралд дарамт учруулж буй.

Цар тахлын хүнд цаг үед ачааны хүндийг үүрэлцэж, хэнээс ч аяга хоол гуйхгүй, багахан цалингаараа болгосоор ирсэн үйлчилгээ, аж ахуйн ажилчдыг ийнхүү үл хайхарсан, орхигдуулсан шийдвэр гарсныг жагсаалд оролцогчид дуу нэгтэй эсэргүүцэн, цаашид далайцтай тэмцэнэ гэдгээ хэлж байлаа.


Холбоотой мэдээ