Монгол, НАТО-гийн хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Монгол Улс Умард Атлантын эвсэлтэй (НАТО) энх тайвны нийтлэг үнэт зүйлд тулгуурлан хамтран ажилладаг бөгөөд ийм хамтын ажиллагаа гуравдагч орны эсрэг чиглэгдэхгүй гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
"НАТО-той хийж буй бидний хамтын ажиллагаа нь энх тайван-ардчиллын нийтлэг үнэт зүйлс, хууль дээдлэх ёс, хүний эрх, аюулгүй байдал дээр суурилдаг бөгөөд энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хэрэгжүүлж буй олон талт бодлогын зорилттой бүрэн нийцдэг. Өөрөөр хэлбэл, Монгол, НАТО-гийн хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг онцлон хэлмээр байна" гэж Б.Батцэцэг онцлон тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, 2012 онд Монгол, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөрийг баталжээ. Ийнхүү Монгол Улс Умард Атлантын эвслийн түнш орон болсон байна. “НАТО-той байгуулсан Монголын түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр нь оролцогчдын улс төрийн яриа хэлэлцээ, боловсрол, чадавхыг бэхжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг даван туулахад чиглэгддэг” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ. “Тухайн үедээ ОХУ ч мөн НАТО-той идэвхтэй хамтран ажиллаж, тэр дундаа терроризмтой тэмцэх хамтарсан сургууль хийж байсан” гэж тэрбээр хэлжээ.