“Hyundai”, “Kia” компанийн байгальд ээлтэй автомашины борлуулалт өсжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-12-20 14:37:18

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхий даяар цахилгаан автомашины эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ онд анх удаа автомашины борлуулалтынх нь 10 хувийг байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд эзэлсэн талаар БНСУ-ын “Hyundai Motor” групп ням гарагт мэдээлжээ.


Тодруулбал, тус группийн автомашин үйлдвэрлэгчид болох “Hyundai Motor”, “Kia” компани энэ оны 1-11 дүгээр сарын хугацаанд 656 479 байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл худалдаалсан нь нийт борлуулалтынх нь /6.12 сая/ 10.7 хувьтай тэнцсэн байна.


Энэ нь 2015 онд “Hyundai”, “Kia”-гийн борлуулалтын нэг хувийг ийм автомашин эзэлж байсантай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм. Мөн дээр дурдсан хугацаанд хоёр компанийн худалдаалсан байгальд ээлтэй автомашины тоо өмнөх оны мөн үеийнхээс 45.3 хувиар өссөн нь нийт борлуулалтын өсөлтөөс /6.3 хувь/ хавьгүй их байжээ.


Hyundai Motor” группийн мэдээлснээр, энэ жилийн үзүүлэлтэд цахилгаан автомашинуудын борлуулалт голлох нөлөө үзүүлжээ. Байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдийн хувьд хос хөдөлгүүртэй автомашинууд борлуулалтын хамгийн их буюу 49.9 хувийг эзэлсэн бол түүний араас цахилгаан автомашинууд /34.2 хувь/ жагсжээ.


Цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт улам бүр өсөж байгаа тул ирэх онд “Hyundai”, “Kia” компаниуд “GV70”, “Nero”, “Ioniq 6” зэрэг хэд хэдэн цахилгаан автомашинаа зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой зохицуулалтуудыг чангатгаж байгаатай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбартаа түлхүү анхаарал хандуулах болоод байгаа билээ.  

Холбоотой мэдээ