"Бидний шинэ жил" ханын сонин хийх уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 18:41:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Бидний шинэ жил" ханын сонин хийх уралдаан зарлажээ. 

Тус аймгийн нийт иргэд, айл өрхүүдийн дунд зохион байгуулж буй уралдаанд энэ сарын 24 хүртэл бүтээл хүлээн авна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гэр бүлийн мартагдашгүй дурсамжийг бүтээх зорилготой юм. Ханын сонинд гэр бүлээрээ өнгөрч буй оны ололт амжилтаа дүгнэж, ирэх оны зорилго зорилтоо тодорхойлсон байх. Мөн гэр бүлийн бүх гишүүн гар бие оролцсон байх шаардлагатай. Нийт ирсэн бүтээлээс таван гэр бүлийг шалгаруулан урамшуулах ажээ.

Ташрамд уг уралдааныг өнгөрсөн оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ