Улсын тэргүүний 11-р цэцэрлэгийн 40 жилийн ойн баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-22 22:30:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч, соён гэгээрүүлэгч С.Удвалын нэрэмжит улсын тэргүүний 11-р цэцэрлэг 40 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.
Өмнөговь аймгийн төв Даланзадгадын хүүхэд багачуудыг 40 дэх жилдээ сурган хүмүүжүүлж байгаа тус цэцэрлэг анх 3 бүлэг, 75 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тэгвэл уг хамт олон өдгөө 7 бүлэг 280 хүүхэд, 30 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Зул хэлэхдээ "Даланзадгад сумын тэр дундаа 3-р багийн сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн 98 хувийг хүлээн авах хүчин чадалтай болж өргөжин ажиллаж байна" гэлээ.
Ойн баярт орон нутгийн удирдлагуудаас гадна их зохиолч С.Удвал ахайтны том хүү Удвал сангийн тэргүүн Багаажавын Өнөбаатар, тус цэцэрлэгийн анхны эрхлэгч Ч.Борхүүхэн нарын хүндтэй зочид байлаа. Энэ үеэр цэцэрлэгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан Чойнхорын Борхүүхэн, Цэрэнжидийн Пагмадорж, Цэрэнпэлийн Эрдэнэцэцэг нарыг "Алтангадас одон"-гоор шагнаж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа гардууллаа.
Холбоотой мэдээ