Мандах сумын наадамд аймгийн харцага Б.Баатархүү түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-17 15:02:05

Дорноговь аймгийн Мандах сумынхан энэ жилийн наадмаа долдугаар сарын 15-наас 16-нд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Наадам нартай, хуртай, зуншлага сайтай дэлгэр сайхан болов.

Хүчит 32 бөх  барилдахад Мандах сумын уугуул, аймгийн харцага Б.Баатархүү түрүүлж, залуу бөх Т.Нямлхагва үзүүрлэв. Их насны морьдын уралдаанд Мандах сумын уяач Н.Балданжамцын буурал магнайдаа тоосгүй хурдалсан бол хурдан азарганы уралдаанд уяач М.Мөнх-Эрдэнийн будан азарга магнайлав.

Харин хурдан соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Манлай сумын уяач М.Батбаярын буурал түрүүлсэн бол хязаалан насны морьдын уралдаанд уяач Н.Балданжамцын шарга, шүдлэнгийн уралдаанд Ё.Эрдэнэбаярын шарга үрээ түрүүлэв.

Хурдан дааганы уралдаанд Мандах сумын уяач Х.Галмандахын хээр  даага  өнгөллөө. Тус сумын наадам зэргэлдээх Өмнөговь аймгийн Манлай, Дундговь аймгийн Өндөршил сумаас наадамчид ирж оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ