Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг сэргээх тухай ээлжит хэлэлцээ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-27 10:39:31

ВЕНА. /TASS/. “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх талаарх найм дахь удаагийн хэлэлцээ даваа гарагт Вена хотноо эхэлж байна.


Энэ удаагийн хэлэлцээ Ираны хамтарсан комисс болон олон улсын зуучлагч “тав”-ын /ОХУ, Их Британи, Герман, Франц/ хурлаар эхлэх бөгөөд түүнд оролцогчид “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-г анхны хэлбэрээр нь хэрэгжүүлэх, энэхүү олон талт гэрээнд АНУ-ыг эргэн нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ.


Найм дахь удаагийн хэлэлцээ сүүлчийнх байж болох ч маш их ажил хийх ёстой тул хамгийн урт нь байх ёстой гэж хэлэлцээнд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Михаил Ульянов мэдэгджээ. Түүний хэлснээр, талууд хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр дуусгахыг зорьж байна.


Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг сэргээх талаарх хэлэлцээ Австрийн нийслэл хотод дөрөвдүгээр сард эхэлжээ. Хэлэлцээний долоодугаар үе шат 12 дугаар сарын 17-нд дууссан бөгөөд зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн зургаан үе шатанд боловсруулсан баримт бичгүүдийн үндсэн дээр ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлэлцээнд оролцогчид нотолжээ. Энэхүү хэлэлцээрийг анхны хэлбэрээр нь сэргээхээр талууд хичээн ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Талууд мөн Ираны эсрэг авсан АНУ-ын ямар хориг арга хэмжээг цуцлах ёстойг тодорхойлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иран улс цөмийн салбартаа хийх ёстой алхмуудын жагсаалтыг гаргажээ.


Холбоотой мэдээ