Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-28 18:20:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.


Тус Байнгын хороо Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, ажлыг нь эрчимжүүлэхтэй холбоотой УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2018 оны 73 дугаар тогтоол болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт тусгасан дараах төсөл, хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох тогтоолын төслийг боловсруулсан болохыг тэрбээр танилцууллаа.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулга хийсэн юм. Тавантолгой ордыг өнөөдрийг хүртэл гурван үе шаттайгаар ашиглаж ирсэн. Тодруулбал, 2000 он хүртэл орон нутгийн иргэдийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж байсан бол 2000-2010 онд олон улсын байгууллагууд геологийн нөөцийг тогтоож, хамтран ашиглах чиглэлээр ажиллаж байсан. 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулан ажиллаж эхэлсэн гэв. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын өр төлбөр ихтэй, ашиг багатай, үндсэн ажилд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжгүй явж ирсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Чалко” компанийн 350 сая ам.долларын өр, төлбөрийг барагдуулсан юм. 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкны 200 сая ам.доллар, түүний хүү, хүүгийн төлбөрийг барагдуулснаар тус компани гадаад өр, төлбөрийг барагдуулжээ. УИХ-аас 2018 онд, Засгийн газраас 2018, 2019 онд гаргасан 7 тогтоолын хүрээнд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мега төсөл хэлбэрээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирснийг Б.Ганхуяг захирал танилцууллаа.


Компани ашиглах 8 тусгай талбай бүхий 6.3 тэрбум тонн нөөцтэй, үүнийгээ олон улсын стандартын дагуу баталгаажуулаад байгаа гэв. 2020 онд олон улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг нэвтрүүлсэн. 2019, 2020 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд компанийн менежментийг сайжруулах, засаглалыг олон улсын түвшинд хүргэх, нээлттэй компани болгох зорилтуудыг тавьж бэлтгэл ажлыг хангасан. Энэ хүрээнд 2021 онд компанийн дунд хугацааны таван жилийн бизнес төлөвлөгөөг баталсан байна.  Бие даасан гурван үйл ажиллагаа, 14 төсөл, хамтран ажиллах  гурван төсөл зэрэг нийт бодлогын 20 бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК охин болон хараат 5 компанитай болохыг Б.Ганхуяг захирал танилцуулгадаа дурдаад нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 


Байнгын хорооны тогтоолын төсөл болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын багаас хариулт авав. Ш.Раднаасэд гишүүн компанийн ажлын чиглэл, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаар болон уурхайн бүтээн байгуулалтад ашиглах усны нөөц, бүтээгдэхүүний тээвэр, экспортын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Т.Энхтүвшин гишүүн тус ордтой холбоотой автозамын бүтээн байгуулалтын явцын талаар асууж, үйлдвэрийн усны нөөцийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.


Эцэст нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжиж, дээрх тогтоол батлагдав


Холбоотой мэдээ