В. Путин: “Дэмий хоосон яриа бус бодит үр дүн хэрэгтэй”
ТОЙМОХУ ба АНУ-ын төрийн тэргүүн нар пүрэв гарагийн орой цаг орчмын турш утсаар ярилцлаа. Цагаан ордноос мэдээлснийг үзвэл, хэрвээ Оросын тал түрэмгийлэл үйлдвэл тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Украинд үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлнэ гэж Америкийн Ерөнхийлөгч Ж.Байден Оросын удирдагч Путиныг дахин сүрдүүлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн
төлөөлөгч Жен Псаки-гийн ярьснаар бол, Жо Байден Украины хямралыг намжаахыг
Оросын талд уриалаад “хэрвээ Оросын тал Украинд дахин халдах аваас АНУ,
түүний холбоотнууд, түншүүд шийдвэртэй хариу өгөх болно” гэж анхааруулжээ.
Үүний зэрэгцээ ирэх 1 дүгээр сард гурван
чиглэлээр болох гэж буй хэлэлцээнүүдийн явцад хямралын асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж
байгаагаа Америкийн ерөнхийлөгч нотолсон байна. Удахгүй Женев хотноо АНУ-ОХУ-ын
хоёр талт хэлэлцээ, НАТО-гийн зөвлөл-Оросын хэлэлцээ ба Европын Аюулгүй байдал,
хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ хүрээнд хэлэлцээ болох гэж байгаа юм.
Путинтэй утсаар
ярихынхаа өмнө Ж.Байден Европын хэд хэдэн улсын удирдагчидтай зөвлөлдсөн бол
Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украины удирдлагатай утсаар
ярьжээ.
Москвагийн мэдэгдэл
ОХУ-ын Ерөнхийлөгчийн
гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Украинд халдан
довтолсон тохиолдолд өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна хэмээн Байден
ерөнхийлөгч Путиныг дахин сүрдүүлсэн” гэлээ.
“Барууныхны байнга
ярьдаг өргөн хэмжээний хоригийн талаар Байден дурдсан. Энэ сэдвийг 12 дугаар
сарын 7-нд болсон телефон ярианы үеэр хөндсөн юм. Үүний хариуд манай ерөнхийлөгч
“ийм үйлдэл нь маш том алдаа байх болно, хоёр орны харилцаа бүрмөсөн тасрахад
хүрч ч болзошгүй" хэмээн маш тодорхой хариу өгсөн” гэж Ю.Ушаков ярилаа.
Үүний сацуу Байден
“АНУ-ын хувьд Украинд давшилтын зэвсэг байрлуулахаар төлөвлөөгүй” гэдгийг
мэдэгдсэн ажээ. Гэтэл Америкийн ийм төлөвлөгөөний талаар саяны уулзалтыг хүртэл
албан ёсоор ямар ч мэдээлэл байгаагүй юм.
Ушаковын ярьснаар,
“удахгүй болох хэлэлцээ дэмий хоосон яриа болох ёсгүй, Орос улс хэлэлцээнээс
бодитой үр дүнг хүсэн хүлээж байна, гэхдээ маш ойрын үед” хэмээн Путин
Америкийн Ерөнхийлөгчид хэлжээ.
Кремль юуг хүсэж байна
вэ?
ВВС агентлагийн
сэтгүүлч Фил О'Донахью-гийн дүгнэснээр, ганцхан сарын дотор хоёр удирдагч хоёр
удаа утсаар ярилцсан нь Украиныг тойрсон үйл явдал улам бүр ноцтой болж буйг
харуулж байна.
Сарын эхээр ерөнхийлөгч нар хоёр цаг гаруйн турш дүрс бичлэгээр ярилцах үеэр Байден Оросын удирдагчид хандан “хэрвээ Оросын тал Украинд довтолбол барууны орнууд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авна” гэж анхааруулж байв. Үүний хариуд Путин “НАТО дорно зүгт өргөжихгүй гэсэн баталгаа өгөх”-ийг шаардсан билээ.
Үүнээс хойш удалгүй энэ сарын 17-ны
өдөр Оросын ГХЯ цахим хуудсандаа ОХУ ба АНУ, НАТО-гийн гишүүн орнуудтай
байгуулах хэлэлцээрийн төслийг байршуулсан байна. Уг төсөлд тусгаснаар, дорно
зүгт хүрээгээ тэлэх, Украин болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад улсыг
эгнээндээ нэгтгэхээс НАТО татгалзана гэдгийг хууль эрхзүйн үүднээс
баталгаажуулахыг Оросын тал шууд санал болгожээ.
Хэлэлцээрийн төслийг
харвал, НАТО-гийн эвсэл нь Дорнод Европ, Кавказын чанад ба Төв Азийн улсуудын
нутаг дэвсгэрт аливаа цэргийн үйл ажиллагаа явуулахаас татгалзах нь зүйтэй гэж Оросын
тал үзэж байна. Өөрөөр хэлбэл, НАТО эдгээр улстай цэргийн салбарт хамтран
ажиллахгүй байх, Оросын нутгийн ойролцоо ойрын ба дунд тусгалын пуужингуудаа
байрлуулахгүй байх, Оросын үндэсний аюулгүй байдалд занал учруулах цэргийн
ажиллагааг дэлхийн бусад бүс нутагт явуулахгүй байх гэх мэт.
Украинтай залгаа хилийн орчимд
Оросын цэрэг бөөгнөрч буй яг энэ үед Оросын талд аюулгүй байдлын шинэ баталгаа
өгөхийг шаардсан мэдэгдлүүд гарч байгааг барууны ажиглагчид онцлон тэмдэглэж
байна. Харин Кремль үүний хариуд “Оросын цэргүүд улсынхаа нутаг дэвсгэрт шилжин
байрлаж байгаа нь хэнийг ч түгшээх ёсгүй” гэж нэг бус удаа мэдэгдэж байв.
"Ялта 2.0"
Украин болон НАТО-д
элсэхээр яарч буй Гүржийн эрх баригчид Оросын дээрх шаардлагыг хүлээн авах
боломжгүй зүйл гэж үзэж байна.
Харин барууныхан Оросын
санаачилгыг “тулган шаардах бичиг” гэж нэрлэсэн бол зарим шинжээчид 1945 оны
Ялтын бага хуралтай адилтгажээ. Уг хурлын үеэр Дэлхийн II дайнд ялсан холбоотон
орнууд дайны дараа дэлхий дахиныг засан тохинуулах асуудлаар тохиролцоонд
хүрсэн билээ.
“ОХУ-АНУ-ын гэрээний
төслийг харвал Путин 1945 оны Ялтын гэрээг сэргээхийг хүсэж байгаа бололтой.
Гэрээний шинэ хувилбар ёсоор АНУ, ОХУ хоёр Европыг өөрсдийн нөлөөний бүс болгон хуваах шинжтэй. Үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж Оросын
асуудлаар мэргэшсэн Америкийн нэртэй шинжээч Майкл Макфол “Вашингтон Пост”
сонинд бичсэн өгүүлэлдээ дурджээ. Өмнө нь Москвад элчин сайдаар ажиллаж байсан тэрбээр
өдгөө Стэнфордын их сургуульд багшилдаг.
Үүний зэрэгцээ, Москвагийн
санал болгож буй гэрээний төслийн бүх заалтын дагуу тохиролцоонд хүрэх
боломжгүй байлаа ч гэсэн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж Цагаан ордон үзэж
байгаа бололтой.
“Зарим заалтын хүрээнд
бид тохиролцоонд хүрэх боломжтой, үүний зэрэгцээ санал зөрөлдөөнтэй зүйлүүд ч
бий. Энэ бол дипломат бодлогын бодит мөн чанар билээ” гэж Цагаан ордны өндөр
албан тушаалтан лхагва гарагт мэдэгджээ. Түүнчлэн “Украин
болон Дорнод Европын улс орнуудын хувь заяаг тэдний ар хударгаар шийдэхийг
хүсэхгүй” гэдгээ АНУ мэдэгджээ.
Орос-Америкийн хэлэлцээ
Женев хотноо 1 дүгээр сард явагдах бөгөөд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровын ярьснаар, хэлэлцээний товыг албан ёсоор зарлаагүй боловч шинэ жилийн урт амралтын дараа шууд эхлэх бололтой.
СNN агентлагийн мэдээнд
дурдсанаар, хэлэлцээнүүд гэдэг нь 1 дүгээр сарын 10-нд ГХЯ-ны төлөөлөгчдийн
түвшинд болох стратегийн яриа хэлэлцээ, 12-ний өдөр эхлэх Орос-НАТО-гийн
зөвлөлийн хуралдаан, мөн 13-нд ЕАБХАБ-ын хүрээнд болох олон талт уулзалтыг хэлж
байгаа ажээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС