XVIII-XX зууны эхэн үеийн 160 орчим модон эдлэлийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-01-03 13:47:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран Эзэн Чингис богдын алтан ургийн үе залгамжлагч, Богд хаант Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Далай Чойнхор засаг ноён Гэмпилдоржийн Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулан Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл" тусгай үзэсгэлэнг нээлээ.  

 

Үзэсгэлэнд Далай Чойнхор вангийн хошууны хүрээ хийд, нэр бүхий лам хувраг хүмүүсийн хэрэглэж байсан хэрэглэл болон хошууны нэрт урчуудын бүтээсэн XVIII-XX зууны эхэн үед хамаарах бүтээлээс 160 орчим модон эдлэлийн соёл, эд өлгийн дээж үзмэрийг сонгон дэглэн үзүүлж байна.

 

Эдгээр бүтээл нь бурхан шүтээний сийлбэр, тахил, тааллын шүтээнүүд, зарлигийн шүтээнд холбогдох модон бар, эх дардсууд хийгээд монголчуудын шашин соёлын зан үйлийн нийтлэг хэлбэрүүд багтаж байна. Үүнд, мал сэтэрлэх ёсонд хамаарах сэтэртэй малын модон сийлбэр, төрөл бүрийн хэлбэр хийцтэй модон цацлууд, шүншгийн сав, даллагын сав, тахил шүтээний модон авдар зэрэг модон соёлын дурсгал, дээж үзмэрүүд дэлгэжээ.


Далай Чойнхор вангийн хошуу нутаг нь түүхэн газар зүйн хувьд, хуучин Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын өмнөд хэсэг, Завхан аймгийн Идэр сумын хоёр шавийн газар нутаг, Тосонцэнгэл, Их-Уул сумын өмнөд бие нутгаар хамарсан хуучин хошуу нутгийн газар нутаг багтдаг.

Далай Чойнхор вангийн хошуу нутгийн урчууд төмөрлөг боловсруулах, ган төмрийн урлалын сонгодог уламжлалтай бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээр модон эдлэл, сийлбэрийн өвөрмөц дэг сургууль, ур ухааныг илтгэх үзмэрүүдийг дэлгэснээрээ онцлогтой. Хошууны урчууд болон хүн ардын хуш мод, арцны үндэс, яргай, зандан зэрэг модыг боловсруулах, ашиглаж байсан томоохон соёл уламжлалтай танилцах, суралцах боломжийг нээж буйгаараа онцлог юм.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд эрдэмтэн судлаачид, эх түүх өв соёлоо дээдлэгчид оролцов. Үзэсгэлэнг нээж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Ц.Цэрэндорж, Талын язгууртан сангийн ерөнхийлөгч М.Сүхбаатар, Чингис хаан одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Дүрслэх урлагийн академийн Дурслэх урлагийн дээд сургуулийн багш доктор профессор С.Бадрал нар мялаалгын үг хэллээ.

 

Үзэсгэлэнг энэ сарын 8-ныг дуустал олон нийтэд нээлттэй гаргана. 










Холбоотой мэдээ