Малын хулгайчдыг илрүүлэн шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд “Мал мах-2021” нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт хийн ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан 2 бүлэг, 4 этгээдийн гэмт үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт этгээдүүд олон тооны бод малыг хулгайлан хээр нядалж арьс, толгой, шийрийг нууж, махны гарал үүслийг албан тушаалаа урвуулан ашиглан хуурамчаар бүрдүүлэн, худалдан борлуулсан байжээ. Мөн хулгайлаад байсан хоёр тэмээг нь хохирогчид хүлээлгэн өгчээ.
Иймд малчид гэмт этгээдүүдэд боломж олгохгүйгээр мал сүргээ байнгын хараа хяналттай байлгаж, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж байхыг сануулж байна. Мал сүргээ гэмт халдлагаас хамгаалж, иргэний үүргээ сахин биелүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.