Жараад онд үйлчлүүлэгчдийг татах менежментийг ашиглаж байжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:47:22

/тэмдэглэл/

Завхан аймгийн Сонгино сумын киномеханикч М.Чогсомжавын ажлын сонирхолтой түүхэн баримт  сумын музейд хадгалагдаж байна.

Сонгино сумын намын үүрийн ухуулагч М.Чогсомжав 23 жил кино механикч ухуулагчаар ажиллахдаа ажлын баялаг туршлага хуримтлуулжээ. Тэрээр ухуулага хийх аргаа сонгохдоо нутаг орны байгаль, цаг уурын онцлог, мал сүргийг маллах арга ажиллагаа, тэргүүний хүмүүсийн туршлага, хөдөлмөрчдийн ажил амьдрал, хүсэл сонирхолыг судалж дүгнэлт хийгээд хаана ямар сэдвээр ухуулга хийх аргаа төлөвлөн материалаа бэлтгэдэг ажээ. Ухуулагч Чогсомжав 300 гаруй үзүүлэн хийж түүнийгээ кино тойруулан хийдэг ухуулгад ашигладаг байна. Кино үзэх, ухуулаг ярианд хүмүүсийг идэвхитэй оролцуулах зорилгоор тэргүүний оролцогчдыг шалгаруулах болзол зарлаж дүгнэх, тэргүүний үзэгчийн суудал бий болгосон нь хөдөлмөрчдийн кино үзэх, ухуулга ярианд оролцох идэвхийг сайжруулжээ. Ажлын ийм арга барилын үрээр кино гаргалт, орлого, үзэгчийн төлөвлөгөөг жил бүр тогтмол давуулан биелүүлж VII таван жилийн төлөвлөгөөг долоон сарын өмнө биелүүлдэг байжээ.  Мөн  Чогсомжав өөрийн хариуцсан техникээ ариг гамтай эдэлж, үйлчилгээг байнга хийдэг учраас нэг моторыг 13 жил, КН-15 аппаратыг 9 жил ашиглаж байсан байна.  

Үйлчлүүлэгчдийг татах олон аргыг ашиглаж байв

М.Чогсомжав 1961 оноос 1990 оны хооронд ажиллахдаа нүүдлийн кино цэгийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэх, үүрэг зорилгоо биелүүлэх, төр засгаас тавиж байгаа шаардлагыг бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд санаачлан нэвтрүүлж байсан ажил, арга барил нь өнөөдрийн бидний  ярьж нэвтрүүлэхийг оролдож байгаа маркетинг, менежментийн онол, арга барилыг тэр үед ашиглаж амжилтад хүрч байжээ. Тухайлбал кино цэгийг тойруулан зохиох ажил, арга хэмжээг явуулахдаа сумын ард иргэд дотроос нийгмийн идэвхтэй хэсгийг зохион байгуулан ухуулагч идэвхтэнээр сонгон тэдгээртэй үйл ажиллагаагаа зөвлөлдөн ярилцах, төлөвлөгөө гаргах, тэдгээр хүмүүстэй хамтран баг болж үйлчлүүлэгчдийг татах арга ажиллагаагаар ажлаа явуулж байсан байна.

Нэг сая орчим хүнд кино үзүүлжээ

М.Чогсомжав  нь 30 жил кино механикч  хийхдээ 9466 удаа кино гаргаж, 628100 насанд хүрэгчдэд 272420 хүүхдэд буюу нийт нэг сая орчим хүнд кино үзүүлсэн байна.  Мөн  сумынхаа бүх хүний нэрсийн жагсаалтыг дэвтэрт зоож, кино тавьсаны дараа тухайн өдрийн кино үзсэн хүмүүсээ бүртгэж, тэр бүртгэлээсээ сар, улирал, жилээр нь хэн хичнээн кино үзсэнийг гарган хамгийн их кино үзсэн. Огт үзээгүй гэх мэтчилэн ялгаж, тэргүүний үзэгчийг нь шагнаж, огт үздэггүй хүмүүсд урилга өгөх, сануулах зэргээр ажил зохиодог байжээ. Түүний бүртгэлээс сонирхолтой баримт дурьдвал 1961 онд Монголын уран сайхны “Морьтой ч болоосой” киног  14 удаа, “Цогт тайж” нэг, хоёрдугаар ангийг нийт 31 удаа,  “Энэ хүүхнүүд үү” кино 20 удаа гэх мэтчлэн  хамгийн олон удаа үзэгчдийн хүсэлтээр гарч байжээ.  Харин “Гарьд магнай” киног 1975 үзэгч, “Хатанбаатар” киног 1404, “Эх бүрдийн домог” киног 1320 үзэгч, “Мөнгөн буйл”, “Морьтой ч болоосой”, “Байлдааны даалгавар” гэх мэт кинонуудыг хамгийн олон үзэгч үзсэн гэх мэтчлэнгээр бүртгэжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ