Б.Энхнаран: Миний амьдрах орчинд, шавь нараа хүмүүжүүлэх үзэл санаанд өөрчлөлт орсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-07 15:29:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Шилдэг багш-2020” уралдааны ялагч Б.Энхнарантай ярилцлаа. Тэрээр энэхүү уралдааны ялагч болсноор шинэ хоёр өрөө байрны эзэн болсон билээ.  Ингэснээр түүний амьдрах орчин, шавь нараа хүмүүжүүлэх үзэл санаанд өөрчлөлт орсон гэдгийг хэлж байв.

-Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батжаргалын Энхнаран гэдэг. Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат. Дизайн, технологийн багш мэргэжилтэй. Одоо Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын нэгдүээр лаборатори сургуульд багшилдаг.

-Мэргэжлээрээ хэчнээн жил ажиллаж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Мэргэжлээрээ 12 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. Сурагч байхад зурах, урлах сонирхол минь нэг л мэдэхэд энэ хичээлд соронз мэт татагдаж, аймаг улсын олимпиадад оролцон, урамшиж явсан нь энэ мэргэжлийн эзэн болоход хамгийн гол нөлөө үзүүлсэн. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр үргэлж бахархаж бас баярлаж явдаг. Багш мэргэжлийн сайхныг, давуу талыг дурдаад баршгүй.

-Тэгвэл шилдэг багш уралдааны явцад мэргэжлийнхээ сайхныг илүү ихээр дахин мэдэрсэн байх?

-Тийм шүү, үнэхээр их мэдэрсэн. Дизайн технологийн багш бид сурагчдадаа шинийг сэтгэдэг, амьдралаас чухал хэрэгцээг олж хардаг, бүтээлдээ сэтгэлээ шингээн хийдэг, хийсэн бүтээлээ хамгаалж чаддаг зэрэг чадваруудыг үлдээхийн тулд өөрсдөө цаг ямагт хөгжиж, чадваржиж байдаг юм байна. Үүнийг би уралдааны явцад дахин мэдэрч ойлголоо.


-Анх энэ уралдаанд орсон цагаас хойш ялагч болох хүртэлх үйл явц, шалгуурын талаар?

-Манай сургууль эхлээд судлагдахуун бүрээс “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” шилдэг багш шалгаруулах уралдаанд улс, аймаг, сургуулийн хэмжээнд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээс нь хамааран материал илгээх багш нарын нэрсийг гаргасан. Үүний дагуу багш нар 2020 оны хийсэн ажил, хүрсэн үр дүн, нотлох баримт бичгийн хамт хавтас бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сард сургууль багш нарынхаа материалыг нэгтгээд илгээсэн.

2020 оны 12 дугаар сарын дундуур “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-аас нэгдүгээр шатны шалгаруулалтын үр дүн шилдэг 26 багш, 5 менежер, 5 захирлын нэрсийг зарласан. Энэ 26 багш дотор Сүхбаатар аймгийн нийт багш нарын массаас хамааран зарим мэргэжлийн багш 2-5, зарим нь 1,1 байсан. Ингээд л Дизайн технологийн багш нараа төлөөлөн ганцаараа үлдсэн дээ.

2020 оны 11 дүгээр сарын 11-нээс эхэлсэн цар тахлын хорио цээрээс шалтгаалан хоёрдугаар шатны шалгаруулалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор 2021 оны 12 дугаар сарын эхнээс II шат албан ёсоор телевизийн бичлэг хийгдэж, эфирээр цацагдаж зохион байгуулах тухай мэдээллийг захирал өгсөн.

II шат дотроо: 1. Ээлжит хичээл заах- Бусад сургуулийн сурагчдад заах, 2. Танихгүй сурагчтай 15 минутын дотор ярилцаж, оношилж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх 3. Өөрийгөө сургалтын менежер хэмээн төсөөлж, 3 цагийн дотор 50 сая төгрөгийн Сурлагын чанарыг сайжруулах төсөл бичих гэсэн 3 даалгаврыг камерын өмнө гүйцэтгэсэн. 2,3 дахь даалгавар цаг эхлэхийн өмнө хэлээд л шууд хугацаа явж эхэлсэн, Санаанд оромгүй шалгуур байсан. Эхэндээ камерын өмнө сандрал, айдастай байсан боловч сүүлдээ бүр тоохоо ч байсан. Бүх зүйл цаг хугацаатай, хариуцлагатай тул сандрах ч завгүй болсон байх. 

-Хамгийн хэцүү даалгавар?

-Мэдээж бүх л даалгаврыг гүйцэтгэхийн өмнө юу байх бол, яах бол гэсэн түгшүүр байсан. Гэхдээ шат ахих тусам хариуцлага маш өндөрсөж, мэдэж, чадах бүхнээ л хийхийг хичээсэн. Хамгийн их бэлтгэл ажилтай нь хичээл заах байсан. Мөн хамгийн их цаг хугацаатай уралдсан даалгавар төсөл бичих байсан. Хүүхэдтэй ярилцах бол миний хувьд хийх дуртай ажил маань байсан. Баг болон хамтран ажилласан Дизайн технологийн судлагдахууны хамт олон, МХУЗ-ын багш Э.Уранцэцэг, газар зүйн багш С.Эрдэнэтуяа, сургалтын менежер С.Эрдэнэцэцэг, химийн багш Н.Энхтуяа нартаа маш их баярласнаа энэ ташрамд хэлмээр байна.

-Өрсөлдөгчид мэдээж бүгд ур чадвартай багш нар байсан. Таны тэднээс ялгарах онцлог юу байсан гэж та бодож байна?

-Мэдээж 26 багш маань бүгд мундаг байсан. Цагт баригдалгүй, сандралгүй хийвэл бүх багш нар маань л чадна. Магадгүй богино хугацаанд хурдтай сэтгэж, оновчтой шийдлийг олох чадвар юм болов уу. Ер нь маш олон  чадварыг үе үеийн багш нар бүх мэргэжлийн хичээлээрээ болон өөрөөрөө үлгэрлэн заасан. Бүх багш нартаа баярлалаа.


-Багш болгон сурагчдаа сургах өөрийн гэсэн заах арга барилтай байдаг шүү дээ. Таны хувьд ажиллах үедээ баримталдаг гол зарчим?

-Ямар ч ажлыг хийсэн өөрийнхөө сэтгэлийг 100% дүүртэл хийе л гэж боддог. Хүүхдүүддээ ч хэлдэг. Хийсэн бүтээл чинь өөрт чинь таалагдахгүй бол засаж, сайжруул. Багшаасаа арга замаа асуу. Харин өөрт чинь үнэхээр таалагдсан бол бүтээлээ ирээд хамгаал гэдэг. Ер нь ямар ч юманд өөриймсөг сэтгэлээр ханддаг, хийж байгаа зүйлдээ эзэн болж чаддаг чадвар чухал гэж боддог.

-Нөгөө талаар багш хүний бахархал шавь нар нь байдаг. Уралдааныг зохион байгуулагч “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын залуус ч үүнийг батлан харуулсан шүү дээ. Таны хувьд тэдэн шиг шавь олныг төрүүлэхсэн гэдэг бодол мэдээж байсан байх?

-Үнэхээр тийм бодол төрсөн. Бидний ажлын үр дүн бол шавь нар минь л байдаг. Бид хүүхдүүдээ Монголын ирээдүй гэж ярьдаг. Уг нь шавь нараа эхлээд Сүхбаатарын ирээдүй, дараа нь  Монголын ирээдүй, тэгээд дэлхийн иргэн болгоход л чиглүүлэх юм байна гэж энэхүү уралдаанд орсноор миний бодол өөрчлөгдсөн. Тэгэхгүй бол тэд минь ид хийж бүтээх залуу насандаа дэндүү холруу тэмүүлээд, төрж өссөн орон нутгаа эргэн хардаг болов уу. Энэ нутгаас төрөн гарсан хүн бүрийн бодох бодол, өөрөөсөө асуух асуулт энэ байгаасай. Нөлөө талаар, би өмнө нь хүүхдүүдээ хүнийг хайрладаг, хүндэлдэг хүн болгоод л хүмүүжүүлчих юмсан, тэгвэл миний хэрэг бүтнэ дээ гэж боддог байсан, гэтэл үгүй юм байна. Би  яг энэ залуучууд шиг ийм л мундаг шавь нарыг төрүүлэх ёстой юм байна. Ингэж байж л миний аймаг, миний улс эх орон хөгжих юм байна гэдгийг ойлгосон.

-Яг энэ цагт та багш мэрэгжилтнүүдийнхээ өмнөөс тэдгээр залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Та нар үнэхээр гайхалтай. “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын залуус төрж өссөн Сүхбаатар аймгийнхаа боловсролын ирээдүйд, цаашлаад Монголын боловсролын ирээдүйд маш том хөрөнгө оруулалт, үзэл санаа, урам зоригийг өгч чадсан, цаашид ч тэд энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Энэхүү үйл ажиллагааг үзсэн, үр дүнг нь мэдэрсэн хүн бүрийн өмнөөс баярлаж, талархаж, хүндэлж, биширсэнээ илэрхийлье. Орон нутгаа гэх чин сэтгэлтэй Т.Баярхүү, Ж.Отгонбаатар, С.Мөнхбаяр, “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын залуусаар, ийм л залуустай аймгаараа бахархаж байна.

-Шилдэг багш уралдаан зөвхөн Сүхбаатарын төдийгүй Монголын мянга мянган багш нарт урам зориг өгсөн, цаашлаад бусад аймгийн багш нарын цагаахан атаархлыг төрүүлсэн ажил болсон. Энэ талаар танд ч бас мэдрэгдсэн байх?

-Тэгэлгүй яахав. Мэргэжил нэгт багш нар, мэргэжилтнүүд энэ тэмцээний тухай, зохион байгуулалт, “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын тухай маш их асуусан. Бүгдэнд нь хариулсан. Танай аймаг ямар мундаг юм бэ? Ямар мундаг залуустай юм бэ? гэж тэд ч бас бахархаж байсан. Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай сайхан.

-Яг ялагч болох тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сайхан байсан. Үнэхээр их огшсон. Бас анх удаа тайзан дээр маш их ярьсан байна билээ. Миний тухайн үеийн мэдрэмж тэр тайзан дээр л гарсан байх. Юу хэлж ярьснаа бүрэн дүүрэн санахгүй л байна.


-Ялагчийн шагналаа авсны дараа таны хэлсэн үг олны сэтгэлийг их хөдөлгөсөн л дөө. Та дотроо хэдийнэ тэр байрыг өөрийн болгосон байсан?

-Тэр бол миний саваагүй мөрөөдөл байсан. Уралдаан зарлагдсаны дараа шагналын байрны зургийн дотор нь гэр бүлийнхээ зургийг эвлүүлж хийчихээд ханан дээрээ наагаад орхисон. Гэхдээ энэ олон мундаг багш нараас би авна гэж юу байхав дээ гэж түүнээс ч олон удаа бодсон. Хамгийн гол нь өөрөөс шалтгаалах бүхнээ л хийнэ шүү гэж өөрийгөө зоригжуулан хариуцлагатай байхыг хичээсэн. Учир нь миний ард сургууль хамт олон, дүрслэх урлаг-дизайн технологи мэргэжлийн нэр хүнд, маш олон хүний хамтын ажиллагаа, итгэл байсан. Энэ уралдаанд  минут секунд алдаж, мэдэхгүй, чадахгүй гэж сандарч суух эрх надад байгаагүй. Мөн энэ бол ганц би биш хоёр багшийг шагнасан шагнал байсан. Учир нь гэр бүлийн маань хүн адил багш мэргэжилтэй хүн. Намайг ажлаа амар тайван, сайн хийх боломжийг үргэлж олгож, намайг дэмжиж ойлгож, хайрладаг ханийн минь бас шагнал байсан юм.

-Энэ бол таны амьдралд орсон нэг томоохон өөрчлөлт гэж харж болох уу. Мэдээж таныг энэ амжилтыг, энэ өөрчлөлтийг бий болгоход маш олон хүний дэмжлэг туслалцаа байсан нь лав?

-Үнэхээр том хөрөнгө оруулалт. Би өмнөх байшиндаа 610.000 төгрөгийн зээлийг сар бүр төлдөг. Багш бидэнд ийм сайхан тохилог, шинэ байрыг зээлгүй авах боломж хэр билээ дээ. Тийм болохоор л би цагаахан мөрөөдсөн байх. Мөрөөдөл минь биелсэн. Миний амьдрах орчинд, шавь нараа хүмүүжүүлэх үзэл санаанд өөрчлөлт орсон. Гэхдээ хааяа хэнэггүйхэн, яаруу алхаж явдаг  урьдын  Б.Энхнаран гэх хувь хүн хэвээрээ. Энэ амжилтын ард үргэлж урам өгч,тус дэм болж байсан хүмүүс маш олон. Гэр бүл, сургууль хамт олныхоо итгэл, урам зориг, хамтын ажиллагааны үр дүнд л энэхүү амжилтыг бүтээсэн. Та бүхэндээ баярлалаа.


-Шилдэг багш уралдааныг дахин явуулна. Оролцъё гэх багш нар маш олон байна. Анхны уралдаанаас хуримтлуулсан туршлага их бий шүү дээ. Тэгэхээр дараагийн оролцогчдод хандаж юу гэж захих вэ?

-Багш бүхэнд өөрөө ч мэдэхгүй, үнэлээгүй олон чадвар байгаа. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулан үр дүнд хүр. Зүгээр л өөрөөс шалтгаалах бүхнээ үр дүнд хүртэл нь хий .Түүнийгээ л тайландаа бич. Харин танд чадахгүй, орохгүй гэж хэлэх эрх байхгүй. Камераас бүү ай, өөрийгөө битгий гол. Манай багш нар бүхнийг чадна. Дараа, дараагийн шилдгүүд та нар шүү гэж захъя.

-Ярилцлагын төгсгөлд хэнд хандаж үг хэлэх вэ?

-Дэмжиж тусалсан бүх хүмүүст, Шилдэг багш уралдааны зохион байгуулалтад оролцож, цаг наргүй хөдөлмөрлөсөн “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын хамт олонд, хэвлэл мэдээллийн баг, БСГ-ын хамт олонд, энэхүү уралдаанд оролцсон нийт багш нартаа баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх, амжилт, аз жаргалын дээдийг хүсье.  

-Ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ