Үндсэн хуулийн ойд зориулсан шатар сонирхогчдын улсын аваргын шигшээ тоглолт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордны Их танхимд эхэллээ.
Арав дахь удаагийн энэхүү шигшээ тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байна. Тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг болсон юм. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 11, 12-нд зохион байгуулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлэхдээ, Үндсэн хууль
батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад, “Арван
жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа
тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга
шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа.
Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюуны спорт давуу талтай” гэв.
Тэрбээр, 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол
монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон,
хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох
эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж юм. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг
тэмдэглэх талаар УИХ-аас
тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа
танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг
олгохыг илүү чухалчилж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
УИХ-ын
дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль
тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай Д.Найдан нар тэмцээний нээлтийн
өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.
Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч
оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин
шалгараад байна. Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү
тэмцээнийг швейцар
системээр 8 өрөг явуулах бөгөөд оролцогчдоос медальт байрт шалгарсан шатарчдад
шатрын спортын дэд мастер цолыг гардуулах юм байна. Энэ жилийн тэмцээнд Увс
аймгийн нэг гэр бүлээс эгч, дүү 3 шатарчин шигшээ тэмцээнд шалгаран оролцож
байгаа нь онцгой дурсамжтай тохиолдол болж
байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байна. Үүнээс 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байгаа бол шувтаргын тэмцээнд нийт 110 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдөх юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал