АИХ-ын депутатуудад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-11 13:22:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиодог. Уг өдрийг угтан орон нутгаа төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдож байсан ахмадуудад хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламентын Төлөөлөгч-сурагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. Сурагчид “Түүхэн дурсамж болон Шинэ Үндсэн Хуулийн онцлог” сэдвийн хүрээнд 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиудын талаар өөрсдийн ойлголтыг шингээсэн сонирхолтой контент бэлтгэж хүргэлээ.

Мөн тус аймагт амьдарч байгаа депутатууд шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцах түүхэн цаг үеийн дурсамжаасаа залуустай хуваалцан, хүүхэд залуусын сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Аймгийн Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан Үндсэн хуулийн талаарх мэдээллийг оролцогчдод  мөн хүргэлээ.

Ташрамд 1990 онд Дархан хотоос Ардын Их Хуралд найман депутат сонгогдон ажилласан. Өнөөдөр эдгээр депутатуудаас гурав, өөр аймгаас депутатаар сонгогдож байсан таван хүн аймагтаа ажиллаж, амьдарч байна.

 

 

Холбоотой мэдээ