Хивэгний экспортыг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-01 18:14:00

Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан.

Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжлав. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг 10 дугаар сарын 1-нээс ирэх 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр гарчээ.

Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, фермер, малчдыг эдийн засгийн томоохон дарамтнаас чөлөөлсөн шийдвэр болсон гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Учир нь үйлдвэрлэгчид намраас, хавар хүртэл дунджаар 10  тонн малын тэжээл хэрэглэдэг. Ингэхдээ нэг тонн хэвгийг 490 мянган төгрөгөөр авдаг байна. Харин тус экспортын хязгаарлалтыг хийснээр зах зээлд үүсээд байсан үнийн хөөрөгдөл 20 хувиар буурсан бодит үр дүн гарчээ. Тодруулбал, нэг тонныг  нь 490 мянган төгрөгөөр борлуулж байсан хивэг 400 мянган төгрөг болжээ. Энэ мэт бодит үр дүнтэй шийдвэр гарсанд үйлдвэрлэгч, малчдыг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд