Э.Эрболд: Шатахуун агуулахаас хэрэглэгчид хүртлээ 14-15 шүүлтүүрээр дамждаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашигт малтмал газрын
тосны газар \АМГТГ\-аас шатахуун
импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанар, нөөц бүрдүүлэлтэд хяналт, шалгалт
хийж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой, нарийвчилсан журмын дагуу долоо хоног бүрийн мягмар гарагт шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээ, мэдээллийг тогтмол гарган, холбогдох төрийн байгууллагад хүргүүлдэг. Энэ мэдээллийн үнэн бодит байдлыг АМГТГ тухайн ААН-ийн агуулахад хэмжилт хийж, тулган баталгаажуулах ажлыг сар бүр хийдэг байна.
Энэ сарын 10-ны
байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны
бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс
А-80 автобензин 64,
Аи-92 автобензин 31,
Дизелийн түлш 28,
ТС-1 онгоцны түлш 23
хоногийн нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой байлгахын тулд ОХУ-ын “Роснефть”, БНХАУ-ын “Петрочайна Интернэшнл” компаниудаас энэ сард 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор захиалжээ.
Дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл: Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүдэд баррель газрын тосны үнэ 75.7-83 ам.долларын хооронд хэлбэлзжээ. Гадаад зах зээл дэх газрын тосны үнэ сүүлийн гурван сард 10 гаруй хувиар өссөн байна. Энэ сарын 10-ны арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны хаалтын үнэ 81.01 ам.доллар/баррель, "WTI" төрлийнх 78.57 ам.доллар ханштайгаар худалджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад "Брент" төрлийн газрын тосны үнэ 2.58, "WTI" төрлийн газрын тосны үнэ 3.42 хувиар ихэссэн үзүүлэлттэй байгаа аж.
Шатахууны импорт: Энэ сарын 4-10-ны хооронд Сүхбаатар боомтоор
А-80 авто бензин 123
тонн,
Аи-92 авто бензин 8294
тонн,
Аи-95 авто бензин 475
тонн,
Дизелийн түлш 19
712 тонн,
Шингэрүүлсэн шатдаг
хий 520 тонн,
Бусад бүтээгдэхүүн 202
тонн, нийт 29 738 тонн,
Замын-Үүд боомтоор бусад бүтээгдэхүүн 624 тонн буюу нийт 30 362 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж иржээ.
Шатахууны хил дээрх үнэ: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн тул
хил дээрх үнэ тонн тутамд өмнө сараас 64-76 ам.доллароор өссөн буюу энэ сард
717-867 ам.доллар/тонн байна.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хангамж,
гадаад эх үүсвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дагвасүрэн, “Улаанбаатар хотод
нийтдээ импортын болон бөөний тусгай зөвшөөрөлтэй 24 агуулах байгаа. Шатахууны нөөц хэвийн байгаа. Шатахуун түгээх станцуудын үлдэгдэл бодит
эсэхийг хянахаар ирээд байна. Гэнэтийн хяналт хийхийг бидний мөрддөг журамд
заасан байдаг. Улиралд нэг удаа шатахуун, дизелийн түлшний чанарт бүрэн хяналт
хийдэг.
Гэвч иргэдээс санал гомдол ирсэн
тул бид сард нэг удаа дээж авдаг болсон. Цаашид түүвэрлэсэн байдлаар
шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа тавина. Өнөөдөр цаг агаар таатай
биш, цастай байгаа нь дээжийн чанарт сөргөөр нөлөөлдөг тиймээс өнөөдөр дээж авах боломжгүй. Учир нь дээж
өөрчлөгддөг” гэлээ.
“Сод Монгол Групп” ХХК-ийн агуулахын ашиглалтын инженер Э.Эрболд, “Устай, механик хольцтой шатахуун худалдлаа гэдэг нь худлаа. Вагон цестернээс агуулахад ирээд эндээсээ станцад шатахуун нийлүүлэхээс эхлээд хэрэглэгчийн шатахууны банк хүртэл бүдүүнээс маш нарийн хүртэлх 14-15 шүүлтүүрээр шүүгддэг. Тиймээс устай болон хий шахна гэж байхгүй. Хэрэв устай байлаа гэхэд ус өөрөө хүнд жинтэй тул дороо туначихдаг мөн өдийд ус байвал хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас бидний шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудал байхгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. Машин тус бүрийн явалт, жолоочийн ур чадвараас шатахуун зарцуулалт хамаарна” гэлээ.