Малын албан татвараар төвлөрсөн мөнгийг малчдад ашигтай байх зүйлд зарцуулна

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-13 17:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд малын тоо толгойн албан татварыг авч байна. Уг татвараас жилд 70-140 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлөхөөр тооцсон бөгөөд татвараар төвлөрсөн хөрөнгийг сум, орон нутагт нь зарцуулах юм. 


Татварын хэмжээг аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоож сум бүр санхүүгийн эх үүсвэртэй болно. Тодруулбал, сум хөгжүүлэх санд төвлөрүүлэх болон байгалийн эрсдэл, гамшгаас хамгаалах малын сан бүрдүүлэх зэргээр үр ашигтай зарцуулах эрх сум орон нутагт нээлттэй болж байна. 


Улсын дунджаар нэг ямаанд 1 мянган төгрөг, тэмээнээс 150 төгрөг, адуунаас 800 төгрөг, үхрээс 500 төгрөг, нэг хонинд 900 төгрөгийн татвар авахаар тооцсон юм. Нэг малаас авах татварын хэмжээг 2 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг аль болох эргээд малчдад хэрэгтэй зүйлд үр ашигтай зарцуулах, татвараа төлсөн малчин ашиг хүртдэг байхаар зохицуулж буй. Үүнд төр болон иргэд, ТББ-ын хяналт тавих юм.




Татварыг бэлчээрийн менежмент хийх, зун, намрын бэлчээрийг хамгаалах, өвөлжөө, хаваржааг сахиулах, малын чанарыг сайжруулах, ус хангамжийг хүртээмжтэй болгох, хадлан тэжээл бэлтгэх, цаг хүндэрсэн үед малчид өвс, тэжээлээ чөлөөтэй худалдан авч байх зэрэг бодит ажилд чиглүүлж буйг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тодотгов. Ингэж малчдад буцаан үр ашигтай зарцуулж малчдын амьдралын олон асуудлыг шийдэж байвал бодит үр дүн гарна гэдгийг онцолж байна. Татвар нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрч, асуудлыг ИТХ малчид өөрсдөө шийдэж байхаар тусгасан учир энд нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо их болж буйг тэрээр ярилаа.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан уг хуулиар малчид жилд 2 удаа татвар төлөх юм. Тодруулбал, тухайн жилийн 7 дугаар сарын 15 болон 12 дугаар сарын 15-ны дотор малчид өмчилж буй малын тоо толгой тоологдон бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт татвараа төлөх юм. Хуульд малчид татвараа урьдчилан төлж болох талаар мөн тусгажээ. Түүнчлэн татварын тайлангаа гаргахыг хуульд заажээ.

Малын хөлийн албан татварын талаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин Д.Ганхурцаас тодруулав.


-Малын татвар, малчинг нийгмийн даатгалд хамруулах ийм хоёр хууль энэ оноос хэрэгжиж байгаа. Нийгмийн даатгалд ер нь танайхан хэр хамрагдаж байна вэ?

-Нийгмийн даатгалд малчид бид одоохондоо нэг их хамрагдаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл бид чинь малаас гарч байгаа орлого, ойр зуурын хэрэглээ, хүүхдийн сургууль соёл гэхчлэнгээсээ давж чадахгүй байна. Харин малын хөлийн татварыг бол дэмжин хүлээн авч байгаа. Нэгэнт мал нь байгаа учраас татвар авах нь зөв. Авахдаа харин хэд хэдэн шаттай, янз бүрийн талаас нь харж үзэж байж тохируулж авбал зүгээр болов уу. Миний хувьд 300-гаас доош малтай ам бүлийг чөлөөлбөл яасан юм гэсэн саналтай байдаг. Түүнээс дээш 1000-2000 малтайд нь тохируулаад татварыг нь нэмж авах гэх мэтийн шат дараалалтай байх нь зөв болов уу. Хүн болгоноос нь авна гэвэл амьдралд хүнд тусах үе бас байна. Тиймээс уян хатан байж хүмүүсийн амьдралыг нь харж зохицуулж авч байвал зүгээр болов уу. Татварыг өмнө нь авч, өгч ч байсан.


-Татварыг орон нутаг өөрсдөө яаж авахаа шийдэж орон нутагтаа юунд зохицуулахаа мөн өөрсдөө хэлэлцэж шийдэж байгаа. Энэ талаар та санал байр сууриа хэлнэ үү?

-Тэр талаар манай сум захиргаанаас хүмүүс явж танилцуулж, малчдын татварыг орон нутагтаа зохицуулж, цөлжилт, усжуулалт, бэлчээрийн нөөц тогтоолт зэрэг зүйлд зарцуулбал ямар байна гэсэн санал авч байсан. Энэ бол зөв гэдгийг хэлсэн.




-Татварын хэмжээг та юу гэж үзэж байна вэ?

-Ер нь нэг малаас 2500 төгрөг, түүнээс хэтрүүлж болохгүй гэж шийдсэн юм билээ. Тэгээд орон нутаг малчдаасаа саналыг нь аваад дундаж хэмжээг тогтоох байх. Зөв л арга гэж үзэн хүлээн авч байгаа. Мал тооллогоор үржих, төл малыг татвараас чөлөөлөөд, сувай, том малыг татварт бүрэн хамруулах хэрэгтэй байна.


-Нийгмийн даатгалд өөрөө жаахан итгэл муутай байна. Ер нь хамрагдахад ямар асуудал байна вэ?

-Нийгмийн даатгалыг жил бүр төлөөд эргүүлээд төр засаг нь буцаагаад өгдөг нь буруу биш. Яг ажиллаж амьдарч байгаа энэ үедээ малчин хүн шууд бэлэн мөнгө өгч төлж чадахгүй л юм. Миний хувьд гэхэд, цаг агаарын бэрхшээл, отор нүүдэл гэж явах бензин тос шаардагдана. Хүний нутагт нүүж очиход татвар түрээс төлнө, тэгээд банкны зээл гээд малын ашиг шим зээлэндээ явчихдаг. Ингээд яг хэрэглээндээ таараад илүү гарахгүй юм гэв. 

Холбоотой мэдээ