Журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-14 17:12:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас энэ сарын 5-нд өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Журмын төсөлд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ Тодруулбал,


1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналын авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;


2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;


3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг тусгасан байна.


УИХ-ын Төрийн байгуулалын байнгын хороо энэ сарын 12-ны хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат нар асуулт асууж хариулт авснаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гшилжүүллээ.

Холбоотой мэдээ