Г.Болор-Эрдэнэ: Энэ онд зургаан зорилт бүхий 226 ажил хийхээр төлөвлөсөн

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-15 21:52:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний үр дүн, цаашдын зорилтын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Өнгөрөгч онд “Орлогын бүтээн байгуулалт-Увс” хөтөлбөрийн хүрээнд 6 зорилт бүхий 153 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.


-2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг 84,1 хувьтай гэж дүгнэсэн. Орлогын бүтээн байгуулалтын эхлэл ажил юу байв?

-Увс аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Орлогын бүтээн байгуулалт-Увс” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд 6 зорилт бүхий 153 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт 84,1 хувьтай гэж дүгнэгдсэн нь чамгүй амжилт байлаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн малгай зорилт болох орлогын бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажил нь өрх бүрийн амьжиргааг сайжруулах, иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангахын тулд эдийн засгийн тэргүүлэх салбараа хөгжүүлэх, үйлдвэржилтийг бий болгоход чиглэсэн.

Энэ хүрээнд хөдөө сумдтай уялдаа холбоотой ажиллаж, төлөвлөсөн ажлаа бодитой хэрэгжүүлэх замаар орлого бүтээх ажлыг эхлүүлж чадсан. Увс аймгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалан, мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, үүнд түшиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх, орлого бүтээх суурь ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна.

Ялангуяа “Шинэ хөдөө-Увс” төслийн хүрээнд улсын төсвийн 650 сая төгрөгийн санхүүжилтээр 4 арга хэмжээ, ОНХС-гийн нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал Улаангом, Өндөрхангай суманд сүү цагаан идээ боловсруулах цех, Тариалан суманд тэжээлийн цех, Өмнөговь суманд жижиг оврын тэжээл боловсруулах цех, Ховд, Сагил суманд зөгийн аж ахуй байгуулсан.
Мөн тариаланчдад хэрэгцээт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хор бордоо, ургамал хамгаалах бодисыг нийлүүлэх, шинэ төрлийн үрийн дэмжлэг үзүүлэх зэргээр тулгамдсан асуудлыг нь шийдэж ажилласан. Улаангом сумын 1-р баг, Тариалан сумын Тээлийн голд газар тариалан эрхэлдэг 168 иргэн, аж ахуйн нэгжийн 160 га талбайг цахилгаан эрчим хүчтэй холбосон зэрэг ажлыг дурдаж болно. Мөн газар тариалангийн салбараа дэмжиж ажилласны үр дүнд чацарганы ургац 20 хувиар, арвайн ургац 50 хувиар нэмэгдсэн амжилттай байгаа.

Түүнчлэн мал аж ахуйн салбарын хувьд хургыг технологийн аргаар хөнгөлөх нь амьдын жин, махны гарцыг нь сайжруулах ач холбогдолтой учир зарим суманд уг ажлыг туршилтаар зохион байгууллаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр орон нутгийн гурван үйлдвэртэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг  баруун аймгууд болон Тува улсын зарим иргэдэд нийлүүлж байна.

-Увсын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж чадсан? Одоо дараагийн алхам юу вэ?

-Увс аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хоршоод, ЖДҮ эрхлэгчидтэй хамтран брэнд бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд орчин үеийн инновац шингэсэн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх стандартыг хангах, брэндийг бий болгоход зайлшгүй шаардлагатай ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд Увсын брэнд бүтээгдэхүүний дээжийг хэрэглэгчдийн гар дээр хүргэж чадсан.

Тодруулбал аймгийн ИТХ-аар брэндийн зөвлөлийг байгуулж, “UBC-brand”-ийн хөгжүүлэлтийг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нэг стандартаар үйлдвэрлэх анхны бүтээгдэхүүнээр “Хархираа арвайн гурил” үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ба эцсийн бүтээгдэхүүнээ гарган “Номин” худалдааны төвийн бүх салбараар худалдаалж байна.

Өнөөдөр Увсын арвайн гурил, шар тос, зөгийн бал, мөн чацаргана, үхрийн нүдээр хийсэн бүтээгдэхүүн зэрэг үндсэн суурь бүтээгдэхүүнүүдийг брэндийн түвшинд хүргэх боловсруулалт амжилттай хийж байна. Цаашид  гадна, дотны зах зээлийн эрэлтэд нийцсэн, иргэдийн ажил, амьдралын орлогын эх үүсвэрт түлхэц болсон үйлдвэрлэл болон хөгжих юм. Тухайлбал “Цагаан ултай гутлын кластер төв”-ийн зураг төсөв бэлэн болсон бол энэ онд барилгын ажлыг хийхээр боллоо.

Цагаан ултай гутлыг өрх бүрийн үйлдвэрлэл шингэсэн, орлогыг татсан брэнд бүтээгдэхүүн болгохын тулд чанар, хийцийг нь илүү сайжруулах замаар зах зээлийг нь өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Зарим суманд шинэ төрлийн аж ахуйг байгуулжээ. Энэ талаар дэлгэрүүлж ярих уу?

-Шинэ төрлийн аж ахуйг хөгжүүлэх хүрээнд Увс аймагт зөгийн аж ахуй, тахианы аж ахуйг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Ховд, Сагил суманд 20 бүл зөгий бүхий аж ахуйг байгуулаад эзэнжүүлсэн ба өвлийн зоорийг нь бэлдэж өгсөн. Цаашид зөгийн аж ахуйг орон нутагтаа хөгжүүлэхтэй холбоотой зөвлөн туслах мэргэжлийн багшийг Улаанбаатар хотоос урьж ажиллуулсан. Нэмж хэлэхэд зөгийн аж ахуй гэдэг бол агаарт хийсэж байгаа мөнгийг хүний хэтэвчинд оруулж ирдэг гэсэн тодорхойлолт байдаг. Тухайн иргэн санаачилгатай байвал зарлагагүйгээр орлого олох боломжтой. Ер нь цаашид зөгийн балыг брэнд бүтээгдэхүүн болгох нөхцөлийг 100 хувь бүрдүүлнэ. Мөн Цагаанхайрхан суманд 140 гаруй тахиатай аж ахуйг байгуулсан ба өдгөө тус сумын сургууль, цэцэрлэгийг өндгөөр хангаж байна.

Увс аймгийн хөрсөнд шинэ төрлийн хүнсний ногооны аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдсэн. Хүнсний ногоог жилийн 4 улиралд тариалахын тулд өвлийн зоорийн асуудлыг шийдэх, нарийн ногооны хэрэгцээгээ дотооддоо хангахын тулд тариаланчдыг хүлэмжээр хангах хэрэгцээ бий.

-Иргэдийн халааснаас гарах мөнгийг тухайн өрхөд үлдээнэ гэж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн салбарт энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Хөдөө сумдын иргэд эмнэлэгт шинжилгээ өгөхийн тулд аймгийн төвийг зорьдог, иргэд зарим төрлийн үзлэг, хагалгааг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих нь тэдэнд эдийн засгийн дарамт, чирэгдэл учруулдаг. Иймд энэхүү урсгалыг бууруулах шаардлага бий. Иргэд амьдарч буй сум, орон нутагтаа шаардлагатай үзлэг шинжилгээ, эмчилгээгээ хийлгэх боломжийг нь бүрдүүлчихвэл тэдний халааснаас гарах мөнгө буурна гэсэн үг. Нэг ёсондоо иргэдийн зарлагыг багасгаж, халааснаас гарах мөнгийг нь өрх бүрд үлдээх зорилготой ажиллаж байна. Иймд эрүүл мэндийн салбарын түвшинд хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхэд жил тутам үе шаттай ажил төлөвлөсөн. Нэн түрүүнд ходоодны уян дуран, рентген зөөврийн аппарат, PCR шинжилгээний аппараттай болсон гээд тодорхой ахиц гарч байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөг аймаг, сумын онцгой комисс, шуурхай штабаар хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд халдварын тархалт багассан. Гэхдээ иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

-2022 оны зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2022 оны ажлаа төлөвлөөд байна. Мөн л орлогын бүтээн байгуулалт зорилтыг малгай зорилтоо болгон үргэлжлүүлэн ажиллана. Нийт 6 зорилтын хүрээнд 226 ажил хийхээр төлөвлөсөн.

Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийг үргэлжлүүлэх, “Увс-Агро” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх, “Гурил тэжээлийн үйлдвэр”-ийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэх, Үр тариа хадгалах агуулах барих, Нэгдсэн нэг брэндийг сурталчлан таниулж, дотоодын худалдан авалтаар дэмжих, Боршоо олон улсын боомтын "Шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын шинэчлэлийн ажлыг дуусгах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хөдөө аж ахуйн чиглэлээр боловсруулах үйлдвэр цехүүдийг ажиллуулах, таримал тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, ХАА-н тоног төхөөрөмжөөр хангах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, Тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр  “Аялал жуулчлалын цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Увс, Хяргас нуурын эргийн тохижилт хийх, гадаад  болон дотоодын жуулчдыг мэдээллээр хангах зэрэг  ажлыг тусгасан.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хоёр живаа харгаа” төслийг сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор  хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор салбар бүрт “Дижитал аймаг” төслийг хэрэгжүүлнэ. 

Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ оны  4 дүгээр сарын 1 гэхэд бүх ажлын тендэр зарлагдаж, эзэнжүүлэхээр төлөвлөөд байна.

Хэдий цар тахал, шүлхий өвчний асуудал яригдаж байгаа ч аймаг орны хөгжил, хүн амын аж амьдралыг сайжруулахад чиглэсэн төсөл, ажил, арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, үр дүнг нь гаргах чиглэлийг баримталж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ