Б.Батсайхан: Энэ жил 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-15 22:00:46

Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын Засаг дарга Б.Батсайхантай тус сумын цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Танай суманд өвөлжилт хэр байна вэ?

-Өнгөрсөн жил манай суманд дэлгэр зун, налгар намар болсон ч өвөлдөө нутгийн 60 орчим хувьд цасгүй, хараараа байна. Мөн дээрээс нь гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, мал унд ус муутайн улмаас өвчин тархах гол нөхцөл боллоо. Одоогийн байдлаар сумын нийт үхэр болон бог малын 45 хувь нь халдвар туссан хэдий ч эдгэрэх талдаа явж байна. Энэ хугацаанд малын хорогдол гараагүй. Аймгийн онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран малчдын өвөлжөө бууц, хашаа хороог ариутгах ажлыг зохион байгуулсан.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид өөрсдийн хүчээр 2370 тонн өвс, 101 тонн гар тэжээл, 630 тонн хужир давс, ОНХС-гийн хөрөнгөөр 5000 боодол өвс, 26 тонн тариа, үүнээс урьд оны үлдэгдэл өвс 2500 боодол, иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулах 1500 боодол өвс, тэжээл 30 тн байна. Хаваржилт хүндэрвэл хэрхэн ажиллах талаар багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн.

2021 оны хувьд "Ковид-19" цар тахал улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэндийн хувьд ч амаргүй нэг жилийг бид ардаа үдлээ. Манай сумын тухайд өнгөрсөн оны 6 дугаар сарын 23-нд анхны тохиолдол илэрснээс хойш нийт 188 хүн энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн байна. Зүүнхангай сумынхан 3-р тунгийн хамрагдалтаараа аймагтаа нэгдүгээр байрт буюу 71 хувьтай байгаа. 

-Жил эцсийн мал тооллогоор танай сумын мал сүрэг таван төрөлдөө өссөн дүнтэй харагдаж байна?

-2021 оны жил эцсийн мал тооллогоор манай сум адуу 12531, үхэр 13564, тэмээ 206, хонь 113544, ямаа 70742, нийтдээ 210587 толгой мал тоолуулж, мал сүрэг маань таван төрөлдөө өссөн дүнтэй гарсан. Мөн нийт 647 өрх, 2425 хүн ам тоологдсон.

-Өнгөрсөн онд танай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдсэн бэ?

-Хэдийгээр улс орны эдийн засаг хүндрэлтэй, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй байсан ч манай суманд улсын төсөв, аймгийн хөрөнгө оруулалт, сумын ОНХС, хувийн хэвшлийн дэмжлэгээр 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Тухайлбал улсын төсвийн 120 сая төгрөгөөр универсаль трактор авсан, аймгийн хөрөнгө оруулалт 30 сая төгрөгөөр сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг отвалдсан, сумын байгаль орчны тасгийг унаажуулсан, сумын төв болон хогийн цэгийг камержүүлж, Даланбулаг багт контор барьсан. Тэрчлэн мал эмнэлгийн тасагт хэрэгцээтэй багаж тоног төхөөрөмж авсан, Соёлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн, Их голын гүүр засварласан, Хүнхэд ЗДТГ-ын ажилчдын байр барьсан гэх мэт сум орон нутагт тулгамдсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

-Шинээр сэдэж санаачилсан ажил гэвэл?

-Манай сумын эдийн засгийн суурь үндэс нь мал аж ахуй бөгөөд нийт өрхийн 75 хувь буюу 480 өрх мал маллаж, түүний ашиг шимээр амьдралын эх үүсвэрээ залгуулдаг. Цөөхөн малтай, мал маллаж амьдрах хүсэл, зорилготой шинэ залуу гэр бүлийг малжуулж амьдралын эх үүсвэртэй болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлд санал тавьж 100 сая төгрөгийн малжуулах төслийг 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд сумын Засаг дарга, Нутгийн зөвлөлтэй болон малчинтай гэрээ хийж 10 малчин өрхөд тус бүр 100 толгой үржлийн мал худалдан авч өгөөд жилд гарсан төлийн 20 хувийг буцаан авах, 80 хувийг малчин өөртөө үлдээхээр гэрээ хийгээд ажиллаж байна.

Дөрвөн жилийн дараа малчинд хамгийн багаар тооцоход 350 хонь үлдэх, буцааж 160 толгой мал авч зах зээлд борлуулан сумын 100 жилийн ойн үйл ажиллагаанд зарцуулахаар тохиролцон ажиллаж байна.

 2021 онд сум хөгжүүлэх төлөвлөгөөгөө ИТХ-аар хэлэлцүүлээд 87 хувьтай ажилласан гэж дүгнүүлсэн.

-Энэ онд хийх хөрөнгө оруулалтын талаар?

-Энэ онд улс, аймгийн төсөв, сумын ОНХС болон хувийн хэвшил, бусад эх үүсвэрээр нийтдээ 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тодруулбал, сумын төвд бетонон зам, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргийг улсын төсвийн 635 сая төгрөгөөр хийнэ. Мөн сумын ахмадын хөгжлийн барилга улсын төсвийн 150 сая төгрөгөөр, ухаалаг худаг бүхий нийтийн халуун усны барилга улсын төсвийн 290 сая төгрөгөөр, Увсад тавтай морил мэдээллийн цэгийг аймгийн төсвийн 70 сая төгрөгөөр тус тус барина. Тэрчлэн Дөрөлжийн мал угаалгын ванныг 15 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаас гадна бэлчээрийн худгуудыг сэргээн ашиглах, шинээр хайгуул хийлгэх, сумын төвд ундны усны худаг гаргах, Жаргалант багийн төвийг барих гэх мэт ажлууд хийнэ.

Мөн төсвийн байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Үүнд: Багш хөгжлийн төвийн тохижилт, хүүхдийн цэцэрлэгийн шаардлагатай хатуу зөөлөн эдлэл, тоглоом шинэчлэх, соёлын төвийн хөгжим хэрэгсэл, ЭМТ-ийн хүнсний агуулахын барилга, байгууллагуудын цэвэр усны шугам сүлжээний холболт гэх мэт ажил хийнэ. Түүнчлэн иргэдтэйгээ хамтраад "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих, сумын төвийнхөө хашаа, гудамжны өнгө үзэмжийг сайжруулах, өндөр хүчдэлийн шонгийн суурийн хамгаалалт, 5 хошуу малын цогцолборын тохижилт, сумын төвийн дээд худгийн цэвэршүүлэгч төхөөрөмж гэх мэт олон ажлыг хийхээр сумын ИТХ-аар батлуулсан.

-Сумынхаа 2021 оны аварга, тэргүүнээ тодруулсан гэсэн. Энэ тухайд?

-Хэдийгээр цаг үе хүндхэн байсан ч сумын бүх албан хаагчид төрийн албыг тасралтгүй, хурдан шуурхай хүргэх тал дээр хичээж ажилласан. Хичээл сургууль ороогүй үед багш нар хүүхэд, эцэг эхчүүдтэй цахимаар холбогдон даалгавар өгч байсан. Мөн сумын ЗДТГ-аас багийн эргэлтийг тогтмол хийж, шаардлагатай мэдээ мэдээллийг ард иргэдэд цаг тухай бүрт нь хүргэж байсан.

Оны төгсгөлд 2021 оны ажил үйлсээрээ манлайлан ажилласан зарим хүмүүсээ шагнаж урамшуулсан. Тодруулбал “Шилдэг төрийн захиргааны албан хаагч”-аар Нийгмийн даатгалын байцаагч Б.Баасанбат,  “Шилдэг багш”-аар ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Энхманлай, “Шилдэг сургуулийн өмнөх боловсролын багш”-аар О.Цэрэнжаргал, “Шилдэг сурагч”-аар Б.Мөнхтуул, “Шилдэг ажилтан”-аар сумын ЭМ-ийн төвийн ажилтан Б.Гантогтох, “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр Д.Баттулга, “Шилдэг төлөөлөгч”-өөр Ц.Ганбаатар нар шалгарсан.

Ирж буй 2022 ондоо бүх нийтээрээ малын болон хүний өвчингүй, эрүүл энх, айл хотлоороо цэвэр цэмцгэр, хүн бүрийн ажил амжилт ундарсан, амжилт бүтээл дүүрэн он байх болтугай гэж нутгийн зон олондоо хүсье.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ