Инфляци хаана хүрэх вэ?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-01-17 09:22:24

Цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хохирол, үнийн өсөлт зөвхөн манайд ч биш дэлхийн улс орнуудад ялгаагүй нүүрлэж байгаа бэрхшээл. Гэхдээ иргэдийнх нь орлогын хэмжээ маш бага манай улсын хувьд хэрэглээний үнийн индекс 2021 онд 10 хувиас давсан нь ихээхэн эмзэг байдалд хүрсэн үзүүлэлт мөнөөс мөн. Монгол Улсын 3 сая гаруй иргэний 900 мянга нь ядуу. Тэдгээр ядуус болон бага дунд орлоготой иргэд цөм ялгаагүй үнэ өсөлтийн хурдыг дийлэхээ болив. 2022 онд үнийн өсөлт мөн л гаарч, иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудаж доройтно гэдгийг эдийн засагч байтугай энгийн хүн ч урьдчилан хэлэхээр байна.  Асар их сахилга батгүй үнийн хөөрөгдөл аль хэдийнэ иргэдийн амьжиргаанд маш хүнд дарамт болоод эхэлчихсэн.

Инфляцын голлох шалтгаан нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн бэрхшээл саадтай холбоотойгоор бий болсон үнийн өсөлт. Ган зуд, хаваржилттай холбоотой, махны нийлүүлэлт багасч, үнэ нь мөн л өсөв. Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний үнэ 50 орчим хувиар нэмэгдсэн. Хил гаалийн нөхцөл байдал, хилийн доголдлоос үүдэлтэй үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх магадлалтай байна. Яг одоо иргэд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд хэдэн давхар дарамтыг үүрч байна. Эдийн засгийн өсөлт саарч, идэвхижил удааширсан энэ үед үнийн өсөлт хурдтай нэмэгдэж байгаа нь тун хортой. Тун товчхондоо үнэ нэмэгдэх хэрээр иргэд, өрхийн орлого буурч, зарлага нь ихсэж байна гэсэн үг. Орлого нэмэгдээгүй цагт инфляцын дарамт иргэдийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх нь мэдээж.


2022 онд эдийн засгийн хүнд үеийг туулах бэлтгэлтэй байхыг салбарын шинжээч судлаачид анхааруулан хэлж байна. Нийлүүлэлтээс шалтгаалсан бараа бүтээгдэхүүний хомстол нь өнгөрсөн оны үнийн өсөлтөд асар ихээр нөлөөлсөн, энэ онд ч байдал үргэлжлэх бололтой. Өмнөд хөршийн хувьд ковидын үеийн хорио цээрийг дотооддоо хүртэл маш чанга хатуу дэглэмээр зохицуулж ирсэн. Цаашид ч тус улсын цар тахлын нөхцлөөс хамааран гаргах хилийн хориг хязгаарлалт манайд цохилт өгсөөр байх нь тодорхой. 

Дэлхийн банк тун саяхан, 2022 онд дэлхийн эдийн засаг 4.1 хувь өснө, харин 2023 онд 3.2 хувь хүртэл буурна гэж төсөөлж буйгаа мэдээлсэн. 2020, 2021 онд хамгийн хэцүү хүнд үетэй тулгарсан дэлхийн эдийн засаг энэ онд хичээсэн хичээгээгүй алдагдал хүлээнэ гэж шинжээчид үзэж байна. Эмзэг эдийн засагтай, сүүлийн 30 жилд бий болоогүй эдийн засгийн уналт агшилтаас дөнгөж өндийж байгаа Монгол Улсыг ч мөн ялгаагүй хүч шавхах он угтаж байна.

2021 онд Монгол Улсын хувьд хил хаагдсаны улмаас барааны үнийн өсөлтөөс хамааралтай олон бэрхшээлтэй нүүр тулсан. Олон салбарт ажилгүйдэл бий болж, ядуурлын түвшин нэмэгдэх зэргээр цар тахлын нөлөө 2020 оноос хойш үргэлжилсээр байсан ч Монголын эдийн засаг 2021 онд чамлахааргүй сэргэж чадсан юм. Үүнд Засгийн Газраас хэрэгжүүлсэн бодлогын чанартай болон бусад олон зохицуулалт сайн нөлөөгөө үзүүлснийг судлаачид, олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. Эдийн засгийг сэргээх 10 их наядын бодлого сөрөг үр дагавар авчирсан эсэх дээр эдийн засагчид, судлаачид янз бүрээр байр сууриа илэрхийлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт инфляцид нөлөөлсөн гэж үзэх нь ч байна. Гэхдээ эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлээгүй бол байдал илүү дор орох байсан ч байж мэдэх. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь сайн муу хоёр талтай ч тухайн үед мөнгөний дутагдалд орсон байсан эдийн засгийг сэргээж өгсөн гэдэг сайн тал нь давуу харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл инфляци хоёр оронтой тоонд хүрсэн нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн мөнгөн урсгалын нөлөө гэж буруутгах үндэслэл байхгүй. Энэ бол нийлүүлэлтийн гацаа саадтай шууд холбоотой, импортоос хэт хамааралтай улсын бодит бэрхшээл.  


Олон улсын валютын сангaaс 2022 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, эдийн засгийн өсөлт энэ оны хувьд 5.2%-тай харин 2022 онд 7.5%-ийн өсөлттэй байх магaдалтай гэж төсөөлж байна. Гэхдээ эдийн засгийн гол түнш БНХАУ-ын хилийн хаалт хязгаарлалт манай эдийн засгийн өсөлт, уналтад шууд нөлөөлөх нь тодорхой учир дээрх төсөөлөл хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Цар тахлын нөхцөл байдал урд хөршийн хилийн хаалгыг нээлттэй, эсвэл хаалттай байхыг шийднэ. Тэр нь манай үнийн өсөлтийг шийднэ.

Хэдийгээр энэ онд хятадын тал хилийн хоригоо зөөлрүүлж, манайх экспортын бүтээгдэхүүнээ саадгүй нийлүүлж чадвал эдийн засгийн байдал дээрдэж магадгүй л юм. Гэхдээ Монголын эдийн засгийг жил бүр зэс, нүүрс аварсаар байхгүй нь мэдээж.  Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, шатахууны үнэ 50 орчим хувиар нэмэгдлээ. Гадаад зах зээлээс бүрэн хамааралтай улс гэдгийг өнгөрсөн хугацааны бараа эргэлтийн сааталтай холбоотой үнийн савалгаа, өсөлт зэрэг нь бүрэн харуулав. Тийм болохоор нийлүүлэлтийн гацаа саадгүй байх ямар чухлыг холбогдох газрууд мэдэрсэн, туршлага хуримтлуулсан байх гэж найдах. Хилийн хориг саад тулгарлаа гэхэд ямар гарц нээх вэ, дипломат харилцаан дээрээ хэрхэн анхаарах вэ гэдэг хүртэл дотоодын эдийн засагт онцгой үүрэг ач холбогдолтойг өнгөрсөн хугацааны үйл явдлууд харуулсан.

Хил гаалийн хамаарлаас үүдсэн инфляцийн өсөлт үргэлжилнэ. Нааштай нэг таамаг бий болсон нь ковидын төгсгөл ойртож байгаа тухай. Гэхдээ энэ үнэн байлаа гэхэд эдийн засаг сайжрахад нөлөөлөх хангалттай шалтгаан биш. Өнгөрсөн хугацаанд бий болсон эдийн засгийн алдагдал, үнэ өсөлт, буурсан орлогоос үүдсэн хүнд нөхцөл байдал тийм ч амар сайн тал руугаа эргэхгүй. Тиймээс Засгийн Газрын зүгээс тун даруй эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын чанартай арга хэмжээ авч эхлэх зайлшгүй шаардлага байна. 





Холбоотой мэдээ