Жилд 5.6 сая тн түүхий нүүрс, 727 мянган тн шахмал түлш хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-17 14:27:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 5.6 сая тн түүхий нүүрс, 727 мянган тн сайжруулсан шахмал түлш мөн хүхэр өндөртэй евро-2 түлш шатаадаг байна. Мөн 652 мянган тээврийн хэрэгсэл байгааг өнгөрсөн оны тооллогоор гаргажээ.


Түүнчлэн, 195 мянган айл өрхийн яндан, тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс түлж байгаа 182 яндан байсныг БОАЖЯ-нд өнөөдөр хийсэн агаарын чанарын хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өнгөрсөн долоо хоногт салхи бага байснаас агаарын бохирдол нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг тодотголоо.

МХЕГ-аас сайжруулсан түлшний үйлдвэрийн шахмал түлшээс энэ сарын 7-14-нд дээж авч шинжилжээ. Тухайлбал, баруун бүсийн үйлдвэрийн шинжилгээ нь чийглэгийн хувь 10 байхаас 1.7-1.9, үнсний хэмжээ 29 байх ёстойгоос 22.4-23.4, дэгдэмхий бодис 22 хувь байхаас 18.4-18.7, нэг хувиас бага байх ёстой хүхрийн агууламж 0.9-0.93, 4200-гаас их байх ёстой илчлэг чанар 6078-6234, бат бөх чанар 80 хувиас дээш байх ёстойгоос 90.2-93 байна гэжээ.


Мөн хугацаанд РМ10 тоосонцор стандарт агууламжаас Архангай аймагт 1.7, Говь-Алтай аймагт 1.7, Дархан-Уул аймагт 1.1, Орхонд 2, Өвөрхангайд 1.8, Сэлэнгэд 1.2, Төв аймагт 2.5, Хөвсгөлд 2.2, Хэнтий аймагт хоёр дахин нэмэгджээ.

Харин РМ2.5 тоосонцор нь агаарын чанараас Архангай аймагт 2.9, Баянхонгорт 2.3, Булганд 1.6, Говь-Алтай аймагт 2.4, Завханд 1.2, Орхон аймагт 2.8, Өвөрхангайд 2.8, Төв аймагт 3.9, Хөвсгөлд 2.7, Хэнтийд 1.9 дахин давсан байв. 

Холбоотой мэдээ