Г.Цэцгээ: Баялаг бүтээнэ гэдэг нь ганцаараа зүтгээд биелэлээ олчих зүйл биш учраас аймаг орон нутгийн дэмжлэг их хэрэгтэй

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-18 11:53:01

Төв /МОНЦАМЭ/ "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрийн менежер Г.Цэцгээтэй ярилцлаа.


-"Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрийг үзэсгэлэн худалдааны үеэр л нээдэг байлаа. Сүүлийн саруудад байнгын ажиллагаатай болсон байсан? Мөн “Нутаг брэнд” бүтээгдэхүүнийг хэдийнээс худалдаалж эхэлсэн бэ?

-"Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрийг намраас ажиллуулахаар засвар үйлчилгээг хийж эхэлсэн. Хоёр жил гаруй ашиглаагүйн улмаас дулааны шугам хөлдөж гэмтсэн, ариун цэврийн өрөөний хувьд маш том засварыг хийх шаардлага бидэнд байсан. Ингээд засвар үйлчилгээг дуусгаад 2021 оны 12 сараас эхлэн “Нутаг брэнд” баглаа боодол бүхий бүтээгдэхүүнийг гарган одоогоор 8 сумын 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Тус бэлгийн багцад ааруул, цагаан идээ, нэрмэл архи, шар тос, Алтанбулаг сумын лаазалсан каз, Жаргалант сумын зөгийн бал, Борнуур сумын балт ногоо, улаан манжин, Баянчандмань сумын салфетка, цай зэргийг багтааж байна.

Мөн үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүнээ сонгон савлуулах боломжтой юм. Бид “Нутаг брэнд”-ийн хайрцгийг дангаар худалдан борлуулахгүй байгаа нь иргэд савлагааг аваад нутгийнхаа бус өөр бүтээгдэхүүн хийж, бусад аймгийн иргэдэд бэлэглэж байгаад сэтгэл эмзэглэж байсан. Манай дэлгүүрийн зорилго нь 27 сумын үйлдвэрлэж буй эко, цэвэр бүтээгдэхүүнийг нэг дороос аймгийн иргэдэд хүргэж, баялаг бүтээгчдийг дэмжих юм. Гэвч одоогоор бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт төдийлөн сайн биш байгаа юм.


-Сумдтай холбоо тогтоож ажиллах явц ямар байгаа вэ? Санал, хүсэлт илгээж үзсэн үү?

-Сумдад хувиараа хөдөлмөр эрхлэгч нар болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хэд хэдэн хүмүүс, хоршоодтой холбогдсон. Зарим сумдтай тогтвортой харилцаатай байж чаддаг хэдий ч сав баглаа боодлоос хамаараад зарж борлуулахаас татгалзах тохиолдол байдаг. Мөн Төв аймгийн төв дээрээ нийлүүлэлт хийхээс илүү ойр байршлын томоохон хот, сууринд бараа материалаа нийлүүлэх тохиолдол их байдаг. Хүнсний зүйлсийг бол сав, баглаа боодлыг нь бага багаар сумд шийдэж байгаа хэдий ч ширмэл ширдэг, ороолт, бүс, дээл, хатгамал гэх мэт гар урлалын сав баглаа боодол дутмаг байдаг учраас нийлүүлэлт бага байдаг. "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүр сумдынхаа болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг дэмжин гэрээ байгуулан ажиллахад үргэлж бэлэн байдаг. Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодтой хамтарч ажиллахаар хүсэлт илгээсэн хариу хүлээсэн байдалтай байна.

-Төв аймгийн нэрийн бүтээгдэхүүний нэгдсэн дэлгүүрийг ажиллуулахад гарч буй хүндрэл юу байна вэ?

-Сумдаас ирж буй бүтээгдэхүүнүүд сав баглаа боодолгүйгээс болж иргэдийн сэтгэл ханамжид нийцэхгүй тохиолдол бий болж байна. Мөн энэхүү дэлгүүр үйл ажиллагаагаа нээгээд удаагүй байгаа бөгөөд тогтсон үйлчлүүлэгч байхгүй байна. Ийм байхад пос машин зайлшгүй байх шаардлагатай гэх бөгөөд татварын дарамт, шахалт ихээхэн хүндрэл учруулж байна. Үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж ахуй нэгжүүддээ бага зэрэг уян хатан байвал сайн байна.

-Нутаг брэндийн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэж байгаа вэ? Мөн түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ?

-"Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрт худалдаж буй Нутаг брэндийн нэрмэл архийг Эрдэнэсант, Бүрэн сумаас нийлүүлдэг, шар тосыг гэрээт сумдаас худалдан авч бүтээгдэхүүнээ савлан борлуулж байна.


-Иргэд өдөр бүрийн хэрэгцээт хүнсний зүйлс буюу сүү, талх, өндгийг нэг цэгээс авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Танай дэлгүүр хэдийнээс ийм төрлийн өдөр тутмын хүнсэнд зориулсан бүтээгдэхүүн худалдах вэ?

-Хүнсний бүтээгдэхүүн өөрөө их эмзэг бараа юм. Цаг хугацаа, хадгалах горимтой учраас асуудал ихтэй. Бид эхлээд энэхүү дэлгүүрийг иргэдэд таниулах, сурталчлах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эхний удаад дэлгүүрт худалдаалах бүх бүтээгдэхүүнийг савлах, түүнд шаардлагатай нөөц бололцоог судлах, эрэлттэй бараа бүтээгдэхүүнээ санал болгох ажлыг хийж, зарим сумын бүтээгдэхүүний савлалтын ажилд гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Үүний дараагаар энэ дэлгүүрийг сонгон зорьж ирж үйлчлүүлдэг болгохын тулд бүтээгдэхүүний сайжруулалт дээр анхаарч байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй холбоо тогтоож чадвал дэлгүүрт худалдаж буй барааны нэр төрлийг олшруулах бодолтой байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийг татаж, өдөр тутмын хүнсэндээ нутгийн брэнд бүтээгдэхүүнээ хэрэглэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна. Иргэд дэлгүүрээс сонголтоо хийдэг болоод хэвшил болчихвол хүнсний бүтээгдэхүүний борлуулалт цаг хугацааны асуудал болох юм. Төв аймагт ирсэн хүн манай дэлгүүрийг зориод, нутгийнхаа бүтээгдэхүүнийг сэтгэл ханамж дүүрэн аваад гардаг болоосой л гэж хүсэж явдаг даа.  

-2022 оныг Төв аймаг “Ногоон хөгжил- Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Таны хувьд ямар нөхцөл боломжоор дэмжлэг үзүүлбэл энэхүү урианы жилийн ажилтай нийцтэй байна гэж бодож байна вэ?

-Үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж үйл ажиллагаа явуулахад цаг хугацаа их хэрэгтэй байдаг юм байна. Баялаг бүтээгчдийг эхний жилдээ татвараас чөлөөлж өгдөг эсвэл төрийн зарим нэг чиг үүрэг бүхий байгууллагууд нь үйлдвэр эрхлэгч нарыг хооронд нь холбож өгөх гүүр болж өгвөл сайн байна. Жишээ нь Лүн суманд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэмэгдлээ гэж бодоход тэр сумын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь тэдгээр хүмүүсийн бараагаа нийлүүлэх түншийг нь олж өгөх, танилцуулах гэх зэрэг үйл ажиллагаа хийвэл үр дүнтэй гэж боддог. Баялаг бүтээнэ гэдэг нь ганцаараа зүтгээд биелэлээ олчих зүйл биш учраас аймаг орон нутгийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг. 

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ