Ардын уран зохиолч Т.Галсанд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-20 11:42:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч, Өөлд Тангадын Галсан абугайн 90 насны ой энэ онд тохиож байна.

Тэрээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. Өдгөө тохиож буй 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нийт Хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл илэрхийлж, дурсгал гардууллаа.

Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг хэмээн Ардын уран зохиолч маань нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Т.Галсан МУИС-ийн хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрх дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна.

Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн хавсралтыг БНМАУ-д шатаажээ. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаач ташаа бичсэн байдаг.

Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд  онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлснээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.

Монгол ардын баатарлаг туульд гол баатраа “Тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдаж төрсөн хэмээн гардаг. Үүний адил Т.Галсан “Номд мэргэн, үгэнд цэцэн” зохиолч төдийгүй “Дээдэст зусаргүй, доодост найртай” шударга нэгэн болохыг түүний амьдралын замнал гэрчилнэ.   

Холбоотой мэдээ