Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-20 15:28:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, аймгийн Эрүүл мэндийн тархвар судлаачдын гаргасан тооцооллоор энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд өдөрт дунджаар коронавирусний халдварын тохиолдол 2000 орчим бүртгэгдэх судалгаа гарсан байна.

Тиймээс аймгийн Онцгой комиссоос Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд бэлтгэл бэлэн байдлаа хангаж эм, ариутгал халдваргүйтгэлд ашиглах бүтээгдэхүүний нөөц бэлтгэхийг үүрэг болгосон. Энэ дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, алба хаагчдын дотоод зохион байгуулалт, орны хүрэлцээ хангамжтай газар дээр нь Хотын захирагчийн орлогч Б.Батболд өнөөдөр үзэж танилцлаа.

Аймгийн хэмжээнд шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгсэл, эмийн нөөц, халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг нөөц бүрдүүлэлтийг эрүүл мэндийн салбарынхан бүрэн хангажээ.

Мөн сайн дурын төлбөртэй түргэвчилсэн шинжилгээний цэгийн үйл явцтай танилцлаа. Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг УБТЗ-ын нэгдүгээр анги, Донбоско төвийн дэргэд байрладаг сүмийн байранд тус цэгийг нээж иргэдээс шинжилгээг авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ачаалал харьцангуй бага, өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй шинжилгээг иргэд өгчээ. Шинжилгээний үеэр хариу нь эерэг гарч батлагдсан тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвийн алба хаагчид эмийн багцыг олгож байна. Харин сул эерэг гарсан тохиолдолд баталгаажуулах PCR-ийн шинжилгээ авч байгаа бөгөөд 09.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бага насны хүүхдүүдээ нийгмийн харилцаанд оруулахгүй байж, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалахыг уриалж байна.

Холбоотой мэдээ