Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-20 21:41:51
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлын эхэнд “Ковид-19 цар тахлын болон Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн нийт иргэдэд уриаллаа.
Сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан бүх төрлийн золголтыг хориглолоо. Үүнд, “Коронавируст халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, тэмцэх, хариу арга хэмжээ авах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргалаа.
Шашин, сүм хийдийн үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөн, сургалтыг цахим болон танхимын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавилаа.
Коронавируст халдвараар батлагдсан өвчтөнд заавар зөвлөгөө өгч, байнгын хяналтад байлган түргэвчилсэн оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах шийдвэр гаргалаа.
Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт 3, 4 дүгээр тунгийн дархлаажуулалтад иргэдийг хамруулах арга хэмжээг эрчимжүүлж, тухай бүрт мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.
Төрийн байгууллагуудын 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд (ганц бие эцэг) гэрээс ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг бүрэн тооцож олгохыг бүх шатны Засаг дарга, байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болголоо.
Мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл өндөр байгаатай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, морин уралдаан, адуучин тэмцээн зэргийг хориглон түүнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Холбоотой мэдээ