“Хэнзхэн” уран сайхны киноны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-21 13:07:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын “Хос Дог” кино нэгдэл, “CANAR студийн хамтын бүтээл “Хэнзхэн” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Насны зөрүүтэй хүмүүсийн хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг киноны зураг авалтыг Дархан хотод хийснээрээ онцлогтой гэж найруулагч Т.Анар хэлж байлаа.

Учир нь 1985 онд бүтээсэн “Гарын таван хуруу” киноноос хойш Дархан хотод бүтэн зураг авалт хийж байгаагүй аж. Мөн жүжигчдийн тухайд МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Б.Нармандах нараас бусад бүх жүжигчин Дархан-Уул аймгийн уран бүтээлчид ажээ.

Гол дүрийн жүжигчин А.Ариунжаргалын анхны уран бүтээл бөгөөд сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг хоёрдугаар дамжааны оюутан аж. Хэдийгээр насны хязгаартай кино ч гэлээ өөрийгөө сорьж үзэхийг хүссэн тул уг кинонд тоглохыг зөвшөөрсөн гэдгийг хэлж байлаа.

CANAR студийн хоёр дахь, “Хос Дог” кино нэгдлийн зургаа дахь уг кино SkyGo, VOO болон бүх IPTV-ээр гарч байгаа аж.

Насны зөрүүтэй хайр дурлал зөвхөн мөнгөний төлөө байдаг бус жинхэнэ хайр дурлал ямар үнэ цэнтэй байдгийг харуулахыг найруулагч зорьжээ.

“Хэнзхэн” уран сайхны киноны продюсерээр Б.Батболд, зургийн даргаар А.Болорсүх /СТА/, зохиолч, найруулагчаар Т.Анар /СТА/, ерөнхий зураглаачаар Г.Анхбаяр /СТА/ хөгжмийн зохиолч Х.Хашболд /СТА/ АСС найруулагчаар Г.Сонорбилэг нар ажиллажээ.

Холбоотой мэдээ