Израилд сургуулиудад тогтоосон хязгаарлалтыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Jargal.d@montsame.mn
2022-01-21 14:21:00

ТЕЛЬ-АВИВ. /RT/. Израилын эрх баригчид нэгдүгээр сарын 27-ноос боловсролын байгууллагуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, сурагчдад долоо хоногт хоёр удаа эсрэг биетийн шинжилгээ хийхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгджээ.


"Ирэх пүрэв гаргаас бид "Шинжилгээ ба сургалт" үйл ажиллагааг эхлүүлнэ. Бүх хүүхэд долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээ өгөх бөгөөд сургуулиудын танхимын сургалт урьдын адил явагдана" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, уг журмын дагуу 18 хүртэл насны бүх хүүхэд сургуульдаа явахаасаа өмнө ням гаргийн өглөө эхний шинжилгээг, хоёр дахийг нь лхагва гаргийн өглөө өгнө. Шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан хүүхдүүд танхимын хичээлдээ үргэлжлүүлэн суух бол “эерэг” гарсан хүүхдүүд гэртээ эмчилгээ хийлгэнэ.


“Энэхүү шинэ журам нь цэцэрлэг, ясли, сургуулийн бүх насны хүүхдүүдэд хамаарна. Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн халдвар авсан хүмүүстэй хавьтал болсон сурагчид тусгаарлагдах шаардлагагүй" гэж Израилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Харин шинж тэмдэг илэрсэн суралцагчид "гэртээ үлдэж, коронавирусний шинжилгээ өгөх шаардлагатай байна”.


Холбоотой мэдээ