Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-21 20:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас онцгойлон анхааруулж байна.    


МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан хэлэхдээ, “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс бүтээгдэхүүний хаяг, шошгийг сайн харж, худалдаа хийх ёстой. Ил задгай, чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Манайхан бууз, баншийг гар аргаар бэлтгээд, 5-6 цаг гадаа хөлдөөдөг. Агаарын бохирдол их байгаа ийм үед тухайн бүтээгдэхүүнд гадны бохирдол үүсэх эрсдэл их байдаг. Тиймээс зориулалтын хөлдөөгчид, үйлдвэрийн орчинд хийсэн бууз, банш худалдан авахыг сануулж байна” гэлээ.


Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэдэг ч тэмээ, ямааны махыг хольж хийсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоож байжээ. Энэ нь нян үүсэх орчныг бүрдүүлдэг тухай мэргэжилтнүүд хэлж байлаа.


Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэд үйлдвэрлэлд үндсэн түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа чанар, аюулгүй байдлыг хангаж, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Холбоотой мэдээ