Ж.Байден, К.Фүмио нар хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-01-22 11:44:31

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай баасан гарагт цахим дээд хэмжээний уулзалт хийж, аюулгүй байдал, эдийн засаг тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцжээ.


“Бид чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. Миний бие Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн удирдагчдын уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулах санал тавьсан бөгөөд Ерөнхийлөгч хүлээн авсан” гэж К.Фүмио мэдээлсэн байна.


Хоёр орны удирдагчдын уулзалт 80 орчим минут үргэлжилжээ. Японы Ерөнхий сайдын хэлснээр, талууд геополитикийн асуудлуудыг зохицуулахад нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд Зүүн, Өмнөд Хятадын тэнгист Хятадын ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа хийгээд Хонконг, Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь тус улсын үйл ажиллагаа зэрэг багтжээ.


К.Фүмио, Ж.Байден нар мөн саяхан пуужингийн хэд хэдэн туршилт явуулсан БНАСАУ-ын талаар хэлэлцсэн байна. Японы удирдагчийн хэлснээр, Ж.Байден БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг нэн даруй шийдэхийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Мөн К.Фүмио үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг бий болгож, Японы батлах хамгаалах чадавхийг эрс бэхжүүлэхэд бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчид хэлжээ. Ж.Байдены хувьд АНУ Японыг хамгаалах үүрэг амлалт өгснийг дахин нотолсон байна. Тэрбээр ийнхүү хэлэхдээ Окинава муж дахь Сенкакү арлуудад хамаарал бүхий Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээний тавдугаар заалтыг эш татжээ.


Япон улс нь тэдгээр арлыг хянадаг бөгөөд тус улсын Засгийн газар арлуудыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг юм. Харин БНХАУ, Тайвань тэдгээрийг нэхэмжилдэг байна.


Хоёр орны удирдагчид мөн гадаад хэрэг, эдийн засгийн салбарын өндөр албан тушаалтнуудын хоёр талт уулзалтыг тогтмол зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ