АНУ, Европын орнуудын удирдагч нар зөвлөлджээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-25 10:05:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Европын Комиссын дарга, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Европын хэд хэдэн улсын удирдагч нар даваа гарагт цахимаар холбогдож, аюулгүй байдлын асуудлаар ОХУ-тай өмнө нь хийсэн зөвлөлдөх уулзалтууд, түүнчлэн тус улсад авч болзошгүй хориг арга хэмжээний талаар ярилцлаа гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.


Мэдэгдэлд тэмдэглэснээр, тэд Оросын тал Украины хилийн бүсэд цэргийн хүчээ төвлөрүүлж байгаад санаа зовсон хэвээр буйгаа цохон тэмдэглэж, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийлсэн байна.


Удирдагчид мөн одоо үүсээд буй хурцадмал байдлыг дипломат арга замаар шийдвэрлэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ онцлон тэмдэглэж, сүүлийн үед ОХУ-тай хэд хэдэн хэлбэрээр хийсэн хэлэлцээгээ дүгнэжээ.


Түүнчлэн ОХУ Украинд халдан довтолсон тохиолдолд эдийн засагт нь ихээхэн хохирол учруулах хориг арга хэмжээ авахад бэлтгэх, НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх замаар Украины эсрэг Оросын түрэмгийллийг зогсоох хамтын хүчин чармайлтыг хэлэлцжээ. Үүнээс гадна, Европын Холбоо, НАТО, ЕАБХАБ-аар дамжуулан Атлантын далай дамнасан холбоотнууд, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.


Уулзалтад Байденаас гадна, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Их Британи, Итали, Польш, Франц, ХБНГУ-ын удирдагч нар оролцжээ.


Холбоотой мэдээ