"The Sydney Morning Herald": Серби ба Монголын ялгаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-26 18:01:04

КАНБЕРРА. /The Sydney Morning Post/. Rio Tinto” компани 10 жил үргэлжилсэн урт хийгээд хүндхэн цаг хугацааг туулсны эцэст Монголын Засгийн газартай 9.7 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын зардал бүхий Оюу толгой зэсийн уурхайн төслийг урагшлуулах тохиролцоонд хүрлээ.


Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон, вакцинд хамрагдаагүй тамирчин Новак Жокович Монголын иргэн байгаагүй нь сайн хэрэг. Учир нь өнгөрсөн долоо хоногт буюу Н.Жоковичийг Австралиас албадан гаргасны дараа Сербийн Засгийн газар “Rio Tinto”-гийн 3.3 тэрбум ам.долларын өртөг бүхий литийн төслийн лицензийг цуцалсан юм.


Үүнээс харахад алдарт теннисчин Н.Жоковичийг албадан гаргасан явдал нь сонгууль дөхөж байгаагаас гадна литийн төслийн байгаль орчинд учруулах эрсдэлийг шүүмжилсэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй Сербийн Засгийн газрын хувьд шалтаг болсон гэж үзэж болохоор байна. Сербийн иргэдийн хувьд үндэсний хэмжээний нэр хүндтэй тамирчинд нь Австралийн Засгийн газар хэрхэн хандсанд мөн адил дургүйцлээ илэрхийлсэн юм.


Хэдийгээр “Rio Tinto”-гийн дипломат ажиллагаа, өгөөмөр буултын аль нь ч Сербитэй харилцаагаа сэргээхэд нь тус нэмэр болох төлөвгүй байгаа ч тус компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Австралийн “The Sydney Morning Herald”, The Age” сонинуудад мэдээлэл өгөх үеэрээ “найдлага тавьсан хэвээр байгаа” гэдгээ хэлсэн байна.


Тэрбээр Монголын талтай маргаанаа шийдвэрлэхийн тулд өөрийн дипломат ур чадвараас гадна “Rio Tinto”-гийн нүсэр их санхүүгийн тайланг ашигласан байна. “Rio Tinto”, Монголын Засгийн газар хооронд маргаан үүсгээд байсан харилцаа нь Монголын парламентыг ятгахын тулд олон буулт хийх шаардлагыг бий болгожээ. Rio Tinto”-гийн хувьд их хэмжээний мөнгө зарцуулах уу, эсвэл олон жил үргэлжилсэн мухардмал байдлыг улам эрсдэлд оруулах уу гэсэн сонголттой тулгарчээ.


Ийнхүү “Rio Tinto” Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэж, төслийн цахилгаан эрчим хүчийг Монголын талаас бүрэн хангахаар болсноор тохиролцоонд хүрсэн байна. (Монголын талын хувьд “Rio Tinto”-г Хятадаас цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээгээ богино хугацаанд үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.)


Я.Стаусхольм ийнхүү буулт хийснээс шалтгаалан Оюу толгойгоос олох ашигт нь учрах сөрөг нөлөөг төслийн гүний уурхайн чухал үе шатыг орхихоос хамаагүй бага байх болно гэж үзжээ. Маргаан дагуулсан энэхүү төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нь хэтэрснээс гадна геологийн асуудлууд тулгарч, “Rio Tinto”-гийн олон удирдлагыг дамжсан юм. Ердөө жилийн өмнө л гэхэд Монголын Засгийн газар далд уурхайн төслийг зогсоож магадгүй гэж мэдэгдэж байв.  


Харин “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхэлснээс нь хойш нэг жилийн хугацаа өнгөрч буй Я.Стаусхольм мягмар гаргийн өглөө Монголын нийслэл Улаанбаатар хотын нисэх буудлаас Оюу толгой уурхайд очиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт тууз хайчлах ёслолын ажиллагаанд оролцохыг хүлээн суух үеэрээ “сэтгэл нь маш их хөдөлж байгааг” хэлсэн байна.



Хэдийгээр энэхүү тохиролцоогоор бүх маргааныг шийдвэрлээгүйгээс татварын журам зэргийг онцлох нь зүйтэй ч томоохон саад тотгоруудыг даван туулж чаджээ. Энэ нь зөвхөн нэг хүний хүч хөдөлмөр биш бөгөөд Монгол Улсын иргэн, “Rio Tinto”-гийн Зэсийн группийн захирал Б.Болдын хүчин чармайлтыг ч мөн дурдах нь зүйтэй.


Өмнөх гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай харьцуулахад илүү дипломатч, хамтач арга барилыг баримталж байгаагаараа ялгарч буй Я.Стаусхольмын хувьд энэхүү тохиролцоо нь анхны томоохон ялалт нь болж байна. Ж.Жак Австралийн баруун нутагт орших “Juukan Gorge” соёлын үнэт дурсгалыг сүйтгэсэн асуудлын улмаас албан тушаалаасаа огцорсон юм.


Juukan Gorge” агуйтай холбоотой асуудал нь “Rio Tinto”-гийн өмнөх удирдлагуудад холбогдох хэдий ч Я.Стаусхольмын хэлэлцээ өрнүүлэх, харилцан буулт хийх чадварыг нь мөн л адил шалгах бөгөөд цаашид гүйцэтгэх олон ажил хүлээж байна. 


Баруун Австрали дахь төмрийн хүдрийн уурхайн жилийн олборлолт сул байгаагаас эхлээд олон асуудалд нэрвэгдээд байгаа “Rio Tinto”-гийн хувьд Монгол Улстай маргаанаа шийдвэрлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.


Дээр дурдсан төмрийн хүдрийн олборлолт буурсанд уугуул иргэдийн түүхэн дурсгалт газартай холбоотой асуудлыг зохицуулахад түлхүү анхаарал хандуулж буй нь нөлөөлснөөс гадна “Rio Tinto” Баруун Австралийн бусад олборлогчдын нэгэн адил “COVID-19” халдвартай холбоотой ажилтнуудын хомсдол, хүчтэй бороо орсноос үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болжээ.


Гэсэн хэдий ч Англи-Австралийн “BHP” болон Австралийн “Fortescue” компанийн аль аль нь цар тахлаас үүдэн учирч буй сорилтуудыг илүү сайн даван туулж байгаа бололтой байгаа нь өнгөрсөн оны сүүлийн улиралд олборлолтын үзүүлэлтүүдээс нь харагдаж байна.


Энэхүү нийтлэлийг “The Sydney Morning Herald” сонины бизнесийн сэтгүүлч Элизабет Найт бичжээ. 

Холбоотой мэдээ