Гэр хорооллын байшин сууцыг инженерийн дэд бүтцэд холбох шийдлийг хэлэлцэв

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2022-01-26 12:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар агаар, орчны бохирдлыг багасгахад гэр хорооллын айл өрхөд эдийн засагт дарамтгүйгээр инженерийн дэд бүтцийг шийдэх боломжийг судлах, одоо хийж буй ажлаа танилцуулан санал солилцох байв.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн онд ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос, 70 хувь нь орон сууцаас орон сууцанд шилжин орсон байна. Гэр хорооллын иргэд орон сууцад ороход урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нь хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй шалтгаан бий. Иймд зээлийн хүртээмжийг нэмэхийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Айлуудад эдийн засгийн дарамт үүсгэлгүй, амьдарч буй байшин сууцад инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг салбарын яамд хамтран эхлүүлэх шаардлагатай”-г онцоллоо.


Тэрбээр утаанаас гадна хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад, “Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрийн татварын бодлого, олон улсын хөрөнгө оруулалтаар шийдэх боломжийг нээх нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломж бүрдүүлснээр тулгамдаж буй асуудлыг шийдэхэд түлхэц болно” гэдгийг тодотгов.


БХБЯ-наас хийсэн танилцуулгад “Нийслэлийн гэр хороололд буй 220 мянган айл өрхийн 1 орчим хувь нь өөрсдөө цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн байдаг. Төр гэр хорооллыг дахин төлөвлөхөд 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, эдгээрийн инженерийн шугам сүлжээг шийдэх үүрэг хүлээсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн VII хороонд дулаан, цахилгааныг шийдэх дэд төв байгуулж гэр хорооллын айл өрхийг дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа”-г тэмдэглэлээ.



Гэр хорооллыг бүхэлд нь нэг дор төвийн шугамд холбох боломжгүй тул дэд төвүүдийг байгуулахыг эрчимжүүлэх, захын хорооллын дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх талаар яамдын удирдлага ярилцлаа.


Мөн “Гэр хорооллын айл өрхийн 100 мянга орчим нь гэрт, 110 мянга гаруй нь байшинд амьдардаг. Байшин сууцны чанарыг сайжруулж, дулаан алдалтгүй, стандартад нийцүүлэн барих, “С” ангиллаас дээш амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих, зээлийн хүүг багасгах цогц шийдлийг салбар яамд нэгдсэн бодлого гаргаж Засгийн газарт танилцуулж шийдэх нь зүйтэй” гэдэгт санал нэгджээ


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Төсөв хүрэлцээгүй, газрын маргаантай зэрэг шалтаг тоочоод байвал хэзээ ч урагшлахгүй. Иймд олон улсын туршлага, дотоод бололцоондоо тулгуурлан шийдэж, бодит ажилд хамтрахыг чухалчилж байгаа”-гаа онцлоод, жишээ болгож ӨМӨЗО-ны Ордос хотыг богино хугацаанд барьж, хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай зохион байгуулсан туршлагыг дурдсан юм.

Холбоотой мэдээ