Саудын Арабын Төрийн сан цахим спортод 1.5 тэрбум ам.доллар оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-01-27 13:51:44

ЭР-РИЯД. /TASS/. Саудын Арабын Төрийн сангаас санхүүждэг “Savvy Gaming Group” компани цахим спортын салбарын түүхэн дэх хамгийн их мөнгөн дүнтэй худалдан авалтыг хийжээ. Тус компани тэмцээний хамгийн том хоёр оператор болох “ESL Gaming”-ийг 1.05 тэрбум ам.доллароор, “FACEIT” платформыг 500 сая ам.доллароор худалдаж авсан байна.


Шинэ эзэн нь хоёр компанийг “ESL FACEIT Group” тоглоомын платформд нэгтгэхээр төлөвлөж байна.


ESL нь 600 гаруй ажилтантай, дэлхийн хамгийн том, хамгийн алдартай цахим спортын тэмцээнүүдийн операторуудын нэг юм. Тус компани нь “Dota 2”, “Counter-Strike: Global Offensive” (CS:GO) болон бусад тоглоомуудын тэмцээнүүдийг зохион байгуулдаг. FACEIT компани нь мөн CS:GO тэмцээнийг зохион байгуулдаг.


Хэдийгээр гэрээ хэлцлийг 2022 оны хоёрдугаар улиралд л дуусгах төлөвтэй байгаа ч нэгдэн нийлсэн компаниудын төлөөлөгчид дэлхийн хэмжээний платформ хөгжүүлэх төлөвлөгөөгөө аль хэдийн зарлаад байна. Операторууд нэгдсэнээр дэлхийн тоглоомын нийгэмлэгийг бэхжүүлж, хамтдаа булхайцагчидтай илүү үр дүнтэй тэмцэж, технологи, дэд бүтэц, мэдээллээ хуваалцах боломжийг олгоно гэж тэд мэдэгджээ.


Операторууд мөн ирээдүйтэй тоглогчдод мэргэжлийн тайзнаа гарах замыг нээж, шинэ боломжоор хангахад нь үргэлжлүүлэн туслах болно гэдгээ амласан байна.


“Savvy Gaming Group” өмнө нь томоохон худалдан авалтыг хөл бөмбөгийн салбарт л хийсэн юм. Тус компани Английн "Ньюкасл" клубийг эзэмшдэг бөгөөд одоо Саудын Арабын Төрийн сангийн төлөөлөгчид Италийн "Интер" клубийг нэг тэрбум ам.доллароор худалдаж авахаар хэлэлцээ хийж байна.


Холбоотой мэдээ