Цагаан олимпын түүхэн замнал - “Лиллехаммер-1994”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-28 17:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /7 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ. 


ОУОХ-ны 1986 онд болсон чуулганаар өвөл, зуны олимпыг тэгш тоотой жилүүдэд ээлжлэн явуулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр “Альбервиль-1992” өндөрлөөд ердөө хоёр жилийн дараа өвлийн олимпыг дахин зохион байгуулсан юм. Норвегийн жижиг хот Лиллехаммер хот 1988 оны чуулганаар Шведийн Эстерсунд, Америкийн Анкориж, Болгарын Софи хотуудыг ялжээ. Хоёрдугаар шатанд шведүүд тэднээс гурван санал илүү авсан ч сүүлийн шатанд Анкорижийн саналын ихэнх нь Лиллехаммер руу шилжсэн юм. Тус хот өмнөх олимпын сунгаанд өвдөг шороодсон алдаагаа ийн залруулжээ.


                                                                          Сонирхолтой баримтууд 

 

“Лиллехаммер-1994” хамгийн амжилттай болсон олимпын наадмын нэг хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тэд наадмын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж, ард түмэн нь спортын төрлүүдийг үнэн сэтгэлээсээ сонирхон үзэж байлаа. Цаг агаар ч тааламжтай байж, тамирчдыг ивээсэн юм. Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч олимпын үеэр дайн байлдаантай орнууд түр эвлэрэхийг уриалсан нь амжилтад хүрчээ.


Нийт 67 орны 1737 тамирчин /522 нь эмэгтэй/ олимпын наадамд оролцож, урьд өмнөх дээд амжилтыг дахин эвдсэн байна. Хуучин Зөвлөлтийн харьяанд байсан, өмнөх олимпод ТУХН нэрийн дор орсон Армен, Беларусь, Гүрж, Казахстан, Кыргызстан, Молдав, Украин, Узбекистан улс бие даан оролцсон нь үүнд нөлөөлсөн нь тодорхой. Мөн Чехословак энэ удаа Чех, Словак гэсэн хоёр тусдаа улс болон хүч сорьсон юм. Америкийн Самао, Израиль, Тринидад ба Тобаго гэсэн дулаан уур амьсгалтай гурван улс өвлийн олимпод дебютээ хийжээ.


Норвегичууд олимпын наадамд зориулан 10 зам талбай, байгууламжийг бэлдсэний долоог нь шинээр босгож, нэгийг сэргээн засварлажээ. Зөвхөн эдгээр байгууламжийг босгоход 1.2 тэрбум норвеги крон зарцуулсан байна.


Үүнээс гадна нээлт, хаалтын цэнгэлдэхийг барихад 135 сая, олон улсын телевизийн дамжуулах төвийг босгоход 470 сая, олимпын тосгоныг бүтээн байгуулахад 250 сая крон гаргажээ. Олимп зохион байгуулах нийт зардал 7.4 тэрбум норвеги крон хүрсэн байна. Тэд ийм хэмжээний зарлага гаргасан хэрнээ 2.7 тэрбумын орлого олжээ. Үүний 1.4 тэрбумыг телевизийн гэрээний эрхээс, 650 саяыг ивээн тэтгэгчдээс, 150 саяыг тасалбарын борлуулалтаас бүрдүүлсэн юм.


ОУОХ-ноос нэгэн чухал шийдвэр гаргасан нь тамирчид эрхээ авч олимпод оролцох тухай. Өмнө нь цанан дээрээ ч тогтож чадахгүй шахуу тамирчин олимпын наадамд өрсөлдөх тохиолдол цөөнгүй гарч байв. Харин “Лиллехаммер-94" олимпоос эхлэн тамирчид тусгай шалгуурыг давж, эрхээ аван оролцдог болсон юм.




Энэ олимпын гол баатар нь цанын хоёр тамирчин байлаа. Итали цаначин Мануэла Ди Чента 15, 30 км-т түрүүлж, 5 болон 10 км-ийн уралдаанд үзүүрлэн, 4х5 км-ийн буухиагаас хүрэл зүүж, эх орондоо 5 медаль авчирчээ. Түүнчлэн ОХУ-ын цаначин бүсгүй Любовь Егорова 3 алт, нэг мөнгөн медалийн эзэн болсон юм.


Энэ олимпод сэтгэл догдлуулсан сонирхолтой өрсөлдөөн олон гарлаа. Цанын эрэгтэйчүүдийн 4х10 км-ийн буухиа оргил мөч нь байв. Алдарт Б.Дэлигээр ахлуулсан цанын багаа дэмжихээр 150 мянган хүн цугларчээ. Урьдчилан таамаглаж байсанчлан Итали, Норвегийн багууд түрүү байрын төлөө өрсөлдөв. Улмаар гал гарсан өрсөлдөөний эцэст италичууд эзэн орны цаначдыг ердөө 0.4 секундээр илүүрхсэн юм.



Биатлоны эмэгтэйчүүдийн буухиа уралдаан ч бас сенсаацтай өрнөсөн. Эхний хоёр ээлжийн дараа оросууд тэргүүлэгч Германы багаас бараг гурван минутаар хоцорч байлаа. Энэ үед немц бүсгүйчүүдийн ялалтад эргэлзсэн хүн ховор байх. Гэтэл Германы багийн С.Грайнер-Петтер найман сум алдаж буудах нь тэр. Үүнийг нь ашиглан орос бүсгүйчүүд тэдний өмнө гишгэж дөнгөжээ.


Багийн сүүлийн гишүүн А.Резцова сонин намтартай хүн. Тэрбээр 1988 оны олимпоос цанын төрлөөр алтан медаль авч байв. Харин Лиллехамерт биатлоноор аваргалснаар уг хоёр төрлөөр олимпын наадмаас медаль хүртсэн цорын ганц тамирчин болжээ.


Шорт-трекийн 3000 метрийн буухиад түрүүлсэн Солонгосын багийн бүрэлдэхүүнд 13 настай Ким Юн Ми байсан нь олимпын хамгийн том сенсаац байв. Ингэснээр тэр олимпын наадмын хамгийн залуу эмэгтэй аварга, өвлийн олимпын хамгийн залуу аварга болж түүхэнд үлджээ. Энэ явдлаас хоёр жилийн дараа Олон улсын тэшүүрийн холбоо хүүхдийн хөдөлмөрийг хориглох үүднээс олимпод оролцох тамирчны насны доод хязгаарыг 15-аар тогтоосон юм.


Хоккейн тэмцээнд Шведийн шигшээ анх удаа түрүүллээ. Канад үзүүрлэж, Финланд хүрэл дээр буув. Швед, Канадын баг өмнө нь нэг хэсэгт багтахад хоккейн эх орныхон 3:2-оор хожсон. Харин финалд багууд 2:2-оор тэнцэж, буллитээр ялагчийг тодруулсан юм. Шийдвэрлэх цохилтыг Петер Форсберг амжилттай болгож, багтаа алтан медаль авчирсан түүхтэй. Харин оросууд олимпын наадмын хоккейн тэмцээнээс анх удаа медаль хүртэж чадсангүй. Тэд хэсгээсээ дөрвөөр гараад нөгөө группийн тэргүүн баг Словакийг шөвгийн наймд хожсон. Гэвч хагас шигшээд Шведэд 4:3-аар, хүрлийн төлөө Финландад 4:0-ээр ялагдсан юм.





Оросууд энэ олимпод бүрэлдэхүүнд нь багтаж байсан олон орныг алдаж, хүч нь сулраад байсан ч багийн дүнгээр дахин тэргүүллээ. Тэд нийт медалийн тоогоор талбайн эздэд дийлдсэн ч алтынхаа тоогоор өмнө нь гишгэж чадсан юм. Норвегичууд сүүлийн өдөр цанын 50 км-т найдвар тавьж байлаа. Хэрвээ алдарт Бьорн Дэли түрүүлж чадвал тэд багаараа аваргалах болно. Гэвч Дэли тэргүүлэгчээс хоёр минут хоцрон дөрөвт хурдалсан юм.


Эрх аван оролцдог болсон анхны олимпод монголчууд шорт-трекийн төрлөөр ганц эрэгтэй тамирчинтай оролцлоо. Ганц дайчин Б.Бат-Оргил 1000 м-т 29, 500 м-т 24 дүгээр байр эзэлсэн байна.


МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс                     Алт    Мөнгө     Хүрэл    Нийт


1. ОХУ                 11         8             4           23

2. Норвеги          10        11           5            26

3. Герман             9         7             8            24

4. Итали               7         5             8            20

5. АНУ                  6         5             2            13

6. БНСУ                4         1             1             6

7. Канад               3         6             4            13

8. Швейцар         3         4             2             9

9. Австри             2         3             4             9

10. Швед             2          1            -              3

11. Япон              1          2            2             5

12. Казахстан      1          2             -            3

13. Украин           1         -             1            2

14. Узбекистан    1         -             -             1

15. Беларусь       -           2            -             2

16. Финланд       -           1           5              6

17. Франц           -           1           4              5

18. Нидерланд    -          1           3              4

19. БНХАУ           -          1            2             3

20. Словен          -          -            3              3

21. Их Британи   -         -             2              2

22. Австрали       -         -             1              1

Нийт                  61        61         61           183   

Холбоотой мэдээ