Ч. Сарангэрэл: Анх удаа сум хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зохион байгуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-08 21:39:00

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэлтэй Цагаагчин үхэр жилийн ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.

-XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хамгийн анхны зочноор уригдан оролцож буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ярилцлагынхаа эхэнд Төв аймгийн Зуунмод хотын онцлогийн талаар товч танилцуулбал? 

-Юуны түрүүнд уншигч та бүхэндээ "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн мэндийг дэвшүүлье. Төв аймгийн Зуунмод сум нь Богд уулынхаа энгэрт түшиглэн оршдог газарзүйн хувьд их онцлог бүхий сум юм. Анх БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийг Зуунмодны амны Сэрүүн Дэнжид төвлөрүүлэх шийдвэр гарч байсан. Энэ онд манай түүхт 80 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 6 дугаар сарын 4-ний 124 дүгээр зарлигаар Зуунмод хот гэж нэрлэсэн юм билээ. Улсын нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойрхон аймгийн төв, Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд холбогдсон. 2021 оны жилийн эцсийн байдлаар 6 багт 18030 суурин хүн ам, 4956 өрх, 84000 гаруй тоо толгой мал тоолуулсан. Төв аймгийн нутгийн удирдлагын болон төрийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний гол байгууллагууд байрладаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай хамгийн ойрхон төв суурин бөгөөд удахгүй авто замаар холбогдох төлөвлөгөөтэй байна. 

-Өнгөрсөн жилийг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн төлөвлөгөөний хэрэгжилт болон оны ажлаа дүгнэвэл?

-Юуны өмнө дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 19 иргэнээ алдсан харамсалтай үйл явдал тохиолдлоо. Гэсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, төрийн үйлчилгээг иргэдэдээ хүргэж, 2021 оны төлөвлөсөн ажлуудаа амжилттай гүйцэтгэлээ.

Төрөлх нутгаа хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулах иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн салбаруудын ололт амжилтыг ахиулах зэрэг дэвшүүлсэн бодлого зорилтуудаа бид амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Урианы жилийн хүрээнд Хүмүүн дунд сургуулийн барилга болон үдийн хоолыг бэлтгэх стандарт нийцсэн гал тогооны засвар үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Мөн Бүжинхэн цэцэрлэгийн “А” байрны засварыг нийт 800.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд, тохилог, орчин үеийн шаардлага хангасан номын сангийн засварыг 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр засварласан байна. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн  74 бүлгийн 2220 сурагчдын дунд зохион байгуулсан анги нийтийн олимпиадыг зохион байгууллаа. Мөн боловсрол болон эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд Хотын нэрэмжит сургалтын тэтгэлэг, 5 хүртэлх насны 2578, 6-11 насны 1320 хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг, Ковид-19-ийн дараах нөхөн сэргээх 120 иргэний үзлэг, 2 сургуульд тусгай хэрэгцээт хүүхдийн 2 танхим, нийт 1982 өрх, 2560 хүүхдэд 101.0 төгрөгийн хүнсний болон дархлаа дэмжих багц, түлээ нүүрс, хичээлийн хэрэгсэл, хувцас, мөнгөн тусламжийг тус тус олгосон зэрэг олон ажлыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлсэн.

-Засгийн газраас халамжаас татгалзаж хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлж байна. Сумын хувьд хөдөлмөр эрхлэлтийн түвшин ямар байна вэ

-Зуунмод сум хөдөлмөрийн насны 15-аас дээш настай 12075 иргэнтэй. 2021 оны жилийн эцсийн байдлаар 6007 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас байнгын ажлын байранд 4637 иргэн, түр ажлын байранд 109 иргэн, өрхийн аж ахуй эрхлэгч 959 иргэн байна.

Сумын хэмжээнд хөдөлмөрийн насны ажилгүй 6068 иргэн байгаагаас сургуульд сурдаг 1778, тэтгэвэрт 1835, хөдөлмөрийн чадваргүй 363, гэрийн ажилтай 725,  ажил хайж байгаа 182, ХХҮГ-т бүртгэлтэй 97 иргэн байна. Харин тохирох ажил олдохгүй, ажил хийх сонирхолгүй зэрэг 1200 орчим иргэн бий. Энэ жилийн хувьд бид халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд ноос, ноолуур, газар тариаланд түр ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулсан. Ер нь асуудал их байдаг юм билээ. Ирэх онд иргэдийн хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, мэргэжил олгох зэргээр дээрх иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт төрөөс дэмжлэг туслалцаа хэр үзүүлдэг вэ?

-Зуунмод суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч 117 иргэн оёдол, эсгий урлал, жижиглэн худалдаа, дугуй засвар, барилга, блок үйлдвэрлэл, авто засварын төрлөөр үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд хувиараа хөдөлмөр эрхлэгч 44 иргэнийг 600 орчим сая төгрөгийн тусгай сангаас хөнгөлөлттэй эх үүсвэрээр дэмжиж ажилласан. Хэдий цар тахалтай хэдий ч Зуунмод хотын хэмжээнд хувийн хэвшлийн үйлдвэр үйлчилгээний 13 газар  нээгдэж 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Сум хөгжүүлэх сан гэж танил талдаа зээл өгдөг гэж олон нийт харддаг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий. 2021 онд бид шилэн болгох буюу төслийг шарк танк хэлбэрт оруулан олон нийтэд ил тодоор зохион байгуулсан. Зээл өгч авч байгаа аль аль нь олон нийтийн хяналттай тун зүгээр юм билээ.

-2021 онд шинээр санаачилж уламжлал болгосон үйл ажиллагаа байгаа юу?

-Бид тухайн бүрэн эрхийн 4 жилийн ажлаа сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, харин тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлаа 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган ажилладаг. Өнгөрсөн онд Зуунмод хотын ногоон байгууламжийг хариуцан ажиллах орон нутгийн өмчит ААН-ийг бие даан байгуулж, сум хөгжүүлэх сангийн зээл олголтыг нээлттэй болгосон, Цэмцгэр Зуунмод гээд сар бүрийн бүх нийтийн цэвэрлэгээ, анги нийтийн олимпиад гээд 2300 гаруй сурагч оролцуулсан, сургалтын тэтгэлэг олгосон, сар бүр “Зуунмод хот таныг сонсож байна” сошиал платформ ашиглан цахим уулзалтыг хийх, 70271234 автомат хариулагчтай лавлах утсыг ажиллуулан хог, гэрэлтүүлэг бусад асуудалтай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах гэх мэт шинэлэг ажлууд нэлээдгүй хийсэн.

-Байгаль орчныг сүйтгэж байдаг томоохон хүчин зүйл бол хог хаягдал. Сумын хэмжээнд хогийн  менежмент ямар түвшинд байгаа вэ?

-Зуунмод хотын хог хаягдлын үйлчилгээг Хот тохижуулах газар хариуцан ажилладаг. Зуунмод хотод 49 байгууллага, 294 ААН, 5800 өрхийн 18000 гаруй иргэдийн хог хаягдлыг цуглуулан тээвэрлэж, жилд дунджаар 38,000-68,000 тонн хог хаягдлыг төвлөрсөн  цэгт төвлөрүүлж байна. Гэр хорооллын хог хаягдлыг сар бүр тогтмол нэг өдөр, орон сууцны хог хаягдлыг 7 хоног тутамд ачиж зайлуулж байна. Энэ жилээс Цэмцгэр Зуунмод ажлын хүрээнд сар бүрийн 3-ны өдрийн 11-13 цагт нийтийн их цэвэрлэгээг хийж жилд 12 удаа цэвэрлэнэ. 2021 онд сумын төвлөрсөн хогийн цэгт ландфилл байгуулах, сумын төвлөрсөн хогийн цэгийн хэмжээг багасгах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосон.  Зуунмод хотын хог хаягдлыг хогийн цэг дээр ангилан ялгах ажлыг ААН гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, тодорхой хүмүүсийг ажлын байраар хангадаг. 2022 онд ААН, байгууллагыг эх үүсвэр дээрээ ангилдаг систем руу эхний ээлжинд оруулна.

-Зуунмод сум аймгийн хэмжээнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа бүрд оролцдог. Танай сумын брэнд бүтээгдэхүүний борлуулалт хэр байна вэ?

-Манай суманд хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн брэнд бүтээгдэхүүн олон байдаг. Тэдгээрээс дурдвал Зуунмод гол ХХК-ийн “Манзушир цэвэр ус”,  Цээл бүзэнхи ХХК-ийн  “Ажлын гутал”,  “Могол ноос” ХХК-ийн  “Ээрмэл утас”,  Сондор бууз, банш, хэрчсэн гурилын цех, “Зуунмод талх” зэрэг  бүтээгдэхүүнээр ард иргэдэдээ үйлчилгээ үзүүлж байна. 2022 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоо хэлбэрт оруулж, цаашид борлуулалт болон үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллана.

-Төрийн байгууллага болон иргэдийн харилцаа холбоо салшгүй байдаг. Иргэдээс илгээсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Зуунмод хотыг нэг гэр бүл гэж үзвэл айл өрхийн бүхий л асуудалтай салшгүй холбоотой байдаг шиг иргэдийн санал хүсэлт бүрийг  түргэн шуурхай, хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэхийг хичээдэг. Мэдээж асуудал бүрийг шийдвэрлэж чадахгүй зүйл бас бий. Миний зарчим бол болох болохгүйг тэр дор нь хэлчихдэг. Энэ нь иргэндээ амар. Төрийн байгууллагын гол зорилго бол түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршдог. Иргэдээс бичгээр ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг дунджаар 5-20 хоногийн дотор шийдвэрлэж байна. Мөн “Ковид-19” цар тахлын үед Шуурхай штабын 24 цагийн нээлттэй утас ажиллуулах, сошиал платформ ашиглаж сар бүр иргэдтэй цахим уулзалтууд зохион байгуулж хэвшээд байна. 2022 онд Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартыг хангах хүрээнд олон улсын чанарын удирдлагын ISO стандартыг нэвтрүүлнэ.

-2022 оны төлөвлөсөн ажлаасаа онцолбол?

-2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу анхан шатанд төсвийн эрх мэдэл нэмэгдсэн. Бид 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээгээ олон нийтээр хэлэлцүүлж хөрөнгийг тусгаад байна. 2022 онд хийгдэхээр төлөвлөсөн ажлаас онцолбол,  Ерөнхий боловсролын сургуулийн 4700 гаруй хүүхдийн сургалтын цахим системтэй болгох, Зуунмод хотын 8000 гаруй иргэнээ хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах зэрэг хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн Зуунмод хотын газар доорх байгууламж буюу шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах байгууламж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангахаар дулаан үйлдвэрлэлийн 2 хэсэгт өргөтгөл, шинэчлэлд нийт 4.800 тэрбум төгрөг суусан. Мөн хамгийн чухал тулгамдсан асуудал ногоон байгууламж, хог, гэрэлтүүлэг, зам арчлалт зэрэг ажлын төсвийг 550.0 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлж чадсан. Бид хөрөнгө санхүүг хангалттай тавьж өгч байж хүмүүсээр ажлын гүйцэтгэлийг чанартай хийлгэнэ. Мөн Зуунмод хотын 80 жилийн ой тохиож байгаа учир тохижилтын томоохон ажлууд хийнэ.

-Энэ жилийг Ногоон хөгжил- Баялаг бүтээгчдийг дэмжих жил урианы жил болгон зарласан. Тус урианы ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцвал?

-Бид урианы жилийн хүрээнд зохино байгуулах ажлын төлөвлөгөөндөө иргэд, хувийн хэвшлээс саналыг авч байна. Банк санхүүгийн байгууллага болон тусгай сангийн эх үүсвэрээр хийж бүтээж байгаа иргэдээ зээлээр дэмжих бодлогыг авч хэрэгжүүлнэ. Мөн Зуунмод хотын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, чадавхжуулах, урамшуулах, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зэрэг ажлуудыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. 2022 оноос хот тохижуулах харьяанд 1 орон тоотой байсан ногоон байгууламжийг бид бие даалгаж, үндсэндээ 300 орчим сая төгрөгийн эх үүсвэр шийдвэрлүүлсэн. Ийм учраас энэ онд Зуунмод хотын өнгө төрхийг сайжруулах, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тоо хэмжээг нэмэгдүүлэх ажилд маш том өөрчлөлт хийнэ гэж ажлаа төлөвлөсөн.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ