Далан давхрын оршуулгын газрыг 4 дүгээр сараас хэсэгчлэн чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-09 13:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна.


Газар чөлөөлөх ажлыг дөрөвдүгээр сард эхлэх болон төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодруулсныг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлжээ.


-Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Одоогоор хэчнээн шарил байна вэ?

Далан давхрын оршуулгын газрыг 1930-аад оны үед байгуулж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаасан ч иргэд 2000 оны эхэн хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014, 2015 оны тогтоолоор энэ оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаар тогтоосон. 2015 оны байдлаар 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа тоо гарсан. Нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувийг нь ухаж, тоносон байдалтай байсан.


-“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?

Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэлийн хүнсний гол захтай зэрэгцэн оршдог. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК, “Улаанбаатар буян” ХХК хамтран төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулна.


-Төсөл хэрэгжих 10 га талбайд орсон шарилын мэдээллийг гаргасан уу. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож байгаа юу?

Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны 4 дүгээр сард хийж, 10.934 булш тоолсон. Үүний 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. Бид нэрс нь тодорхой байгаа булшны мэдээллийг www.sambalkhundev.mn сайтад байршуулан, мэдээллийн сан үүсгэсэн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авч байна. Одоогоор www.sambalkhundev.mn сайтад 1990 хүн хандан, талийгаачийнхаа талаар мэдээлэл авсан. Мөн 7210-0101 лавлах дугаарт 531 хүн холбогдон, 14 хүн биечлэн уулзаж, төсөлтэй танилцсан. Сар гаруйн хугацаанд 2600 орчим хүн төслийн багт хандсанаас гадна төслийн талбайд орсон 62 шарилын ар гэрийнхэнтэй холбогдоод байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдээллийг нь илгээж, ар гэртэй нь холбоо тогтоож байгаа.


-Талийгаачдын ар гэртэй холбогдсоны дараа шарилыг нүүлгэн шилжүүлэх үү. Энэ ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөсөн бэ?

Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг энэ оны 4 дүгээр сарын 15-наас эхлэхээр төлөвлөсөн. Мэдээж шарилыг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн, нэгдсэн журмаар хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зална.


-Төсөл хэрэгжих хугацаанд талийгаачдын шарилыг хаана хадгалах вэ?

Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн баруун, зүүн буяны төв цогцолборт шарилуудыг түр хадгална.


-Нэр тодорхойгүй 5000 гаруй булшийг хэрхэх вэ?

Нэр тодорхойгүй 5643 булшны 3964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, 6 булшны хөшөөний бичиг арилсан байгаа. Эдгээр шарилын нэрсийг тогтоох боломжгүй тул хүндэтгэлтэйгээр тус бүрчлэн чандарлан зална. Түүнчлэн БНХАУ-ын 178, ОХУ-ын 6 иргэний булш байгаа. Эдгээр булшийг шилжүүлэх талаар тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.


-Төсөл төлөвлөгөөнийхөө дагуу саадгүй үргэлжлэх боломжтой юу?

Бүтээн байгуулалтыг тогтсон цагт нь эхлүүлэх хэрэгтэй. Талийгаачдын ар гэрийнхэнтэй яаралтай холбоо тогтооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал юм. Иймд тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд энэ сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр, цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn веб сайт, 7210-0101 лавлах дугаарт яаралтай хандаарай гэж хүсмээр байна. 


Холбоотой мэдээ