С.Зориг агсанд УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-02 11:10:54

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө ажлын хэсэг байгуулмаар байна. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 сая төгрөгийг цэцэд өгөх шийдвэр гарсан асуудал яригдаад эхэллээ. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг болж байгаа юм шиг байна. Тиймээс ажлын хэсэг байгуулья” гэлээ. Ц.Нямдорж гишүүний саналтай холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд ирэх 7 хоногийн 4 дэх өдөр хүртэл асуудлыг хойшлуулж байгаагаа мэдэгдэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог, “Өнөөдөр Ерөнхий сайд өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ. Өвөлжилтийн асуудал бол чухал. Гэхдээ Ерөнхий сайд Дубайн асуудлаар мэдээлэл хийх ёстой. Зунжингаа асуудлаас зугтлаа. Үүнийг ярих ёстой гэж бодож байна. Асуудлыг өөрчлөх юм уу, Дубайг давхар ярья” гэсэн санал гаргав.

УИХ-ын дарга З.Энхболд нэг цаг дээр хоёр асуудал ярьж болох эсэхийг лавлаад ажлын албанаас хариу эргэж өгөхийг хүссэн. Үүний дараа хуралдааныг даргалагч “Ардчиллын анхны хараацай С.Зоригийн хөшөөнд 11 цагаас цэцэг өргөнө. Одоо хүртэл хэргийн учрыг манай хууль сахиулах байгууллагынхан олоогүй байгаа. Хэргийн учрыг хурдан олох хэрэгтэй. Ажлаа хурдан шуурхай хийхийг хэлж байна. Түүнээс хуулийн ажиллагаанд нөлөөлөх гэсэн хэрэг биш” гэсний дараа гишүүд босч эмгэнэл илэрхийллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд