Б.Батдаваа: Эдийн засгийн өсөлт буурахад ХАА, барилгын салбар доголдсон нь голлон нөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-17 14:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны 1 дүгээр сарын гол гол үзүүлэлтийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн нөхцөл байдлын талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваагаас тодруулав.

-ДНБ өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувиар өсжээ. Энд ямар ямар салбар өсөж ирэв? Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт ямар гарч байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оны эхний хагаст Дэлхийн банк, АХБ, ОУВС, манай Төвбанк, олон улсын бусад байгууллагын төсөөллөөр 4-5 хувийн өсөлттэй гарна гэсэн хүлээлттэй байсан. 2021 оны урьдчилсан гүйцэтгэл дээрх хүлээлтээс доогуур гарч байна. Эдийн засгийн өсөлтийг салбараар задалж үзвэл, нэгдүгээрт ХАА-н салбар нэлээд доош нь татаж байгаа.

Тодруулбал, тус салбар ДНБ-ийн өсөлтийг оролцооны хувьд хасах 0.8 хувиар бууруулсан. Энд байгаль цаг уурын нөхцөл байдал голлон нөлөөлж ирсэн. Тухайлбал, 2020 он гантай жил байсан. Энэ нь 2021 оны эхний хагаст мал аж ахуйд нөлөөлж, нутгийн өмнөд хэсгээр мал ихээр хорогдсон. Малын зүй бус хорогдол оны дүнгээр 45 орчим хувиар нэмэгдэж ирсэн. Энэ нь ХАА-н салбарын өсөлт хасах 5.5 хувьтай гарахад нөлөөлсөн.




Хоёр дахь гол нөлөө үзүүлсэн салбарууд нь аж үйлдвэр болон барилга байгаа. Барилгын салбар оны дүнгээр 13.4 хувийн бууралттай гарсан. Энэ нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой байв. Ялангуяа барилгын салбар дахь хөрөнгө оруулалт танагдсан. Энэ чиглэлээр улсын төсөвт зарим зохицуулалтыг хийж ирсэн байна. Тодруулж хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалт халамж руу илүү түлхүү байсан учраас сургууль, цэцэрлэг, автозамын бүтээн байгуулалт 2021 онд бага байсан нь барилгын салбарын өсөлт тодорхой хэмжээгээр буурахад голлон нөлөөлж ирсэн. Харин өсөлтийг нэмэгдүүлэхэд үйлчилгээний салбар эдийн засагт 1.8 хувиар нэмэгдэн эерэг нөлөө үзүүлж ирлээ.

Гэхдээ үйлчилгээний салбарт тээврийн үзүүлэлт дангаараа буурч гарсан. Энэ нь уул уурхайн экспорт биет хэмжээгээр өмнөх онуудтай харьцуулахад буурсан нь нөлөөлсөн. Үйлчилгээний салбар өсөлттэй гарахад гадаад худалдааны нийт эргэлт нөлөөлсөн. Тухайлбал, экспорт, импорт тус бүр 20 гаруй хувийн өсөлттэй байсан. Үүнийг дагаад дотоод худалдаа өсөж, үйлчилгээний салбарт эерэгээр нөлөөлсөн.


Нийлүүлэлтээс гаралтай шалтгаалан эхэлсэн инфяцийн өсөлт одоо эрэлтийн шинжтэй болж байна.




-Инфляцийн өсөлтийг зарим эдийн засагч бодит бус байна хэмээн тайлбарлаж байгаа. ҮСХ инфляцийн шалтгаан нөхцөлийг хэрхэн тайлбарлаж байна вэ?

-Инфляцийн нийт 14.6 хувийн өсөлтөд импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь тал орчим хувиар буюу 47 хувийг эзлэн голлон нөлөөлж байгаа. Гадаад зах зээлд үнэ нэмэгдэхээс гадна хилийн боомтуудын үйл ажиллагаа хязгаарлалт, доголдолтой холбоотойгоор үнэ өссөн.




Үнийн өсөлтийг дотор нь хэлбэлзэл өндөртэй байгаа шатахуун, дотоодын хүнсний бүтээгдэхүүн нэмэгдсэн дүнг хасаад авч үзэх юм бол бидний хэлдэгээр суурь инфляц буюу арай тогтвортой байж ирдэг хэрэглээний үнийн индекс бас өсөж, 10 хувийг даваад байгаа. Энэ нь юуг хэлж байна гэхээр инфляц өссөн нь нийлүүлэлтийн гаралтай эхэлж байсан бол сүүлийн саруудад эрэлтийн шинжтэй шалтгаан руу орсон байж магадгүй гэсэн тайлбарыг хэлж болохоор байгаа. Үүнийг арай дэлгэрүүлж задалж хэлбэл, зарим суурь үйлчилгээний үнэ нэмэгдэж ирсэн нь инфляцийн өсөлт нөлөөлж байна.

-Замын-Үүдийн боомтоор өнгөрсөн сараас эхлэн ачаа бараа татан авч эхэлсэн нь импортын бараа бүтээгдэхүүнд хэр нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард сарын инфляцийн өсөлт 2.1 хувьтай байсан. Энэ оны эхний сарынх 2 хувь болж 0.1 хувиар буурсан байгаа. Тэгэхээр хил дээрх энэ татан авалт хийсэн нөлөө нь үнийн өсөлтийн хурдацыг бууруулж байна уу гэвэл энэ талын статистик мэдээлэл энэ 2 дугаар сараас гарах болов уу гэж бид ерөнхийд нь харж байгаа.



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ