Хуучин хувцас цуглуулах аяныг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-18 19:16:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүмүүсийн хэрэглэхгүй болсон хувцсыг цуглуулах аяныг зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн БОАЖГ, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Ногоон бүрд" био дэлгүүртэй хамтран дээрх аяныг явуулж байгаа юм. Энэ аянд аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж өөрсдийн хэрэглэхээ больсон хувцсаа цуглууллаа.

Эдгээрийг хэрэглэх боломжтой, боломжгүйгээр нь ангилан ялгана. Хэрэглэх боломжтойг нь аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Түр хамгаалах байр”-нд хүлээлгэн өгнө. Тус байраар үйлчлүүлж буй иргэд, хүүхдүүдэд тусламж болгох зорилготой. “Ногоон бүрд" био дэлгүүрийг үүсгэн байгуулагч Э.Цэвэгмэд "Манай дэлгүүр бараа бүтээгдэхүүн танилцуулахаас гадна хуучин хувцас, сонин, ашигласан зайг иргэдээс авч байгальдаа ээлтэй амьдрах дадлыг бий болгохыг зорьж байгаа. Энэ удаад аймгийнхаа БОАЖГ-тай хамтраад хуучин хувцас авах өдөрлөгийг эхлүүлсэн. Хуучин хувцаснаас ашиглах боломжтойг нь хамгаалах байранд өгдөг. Харин ашиглахааргүй хувцсыг нь жижиглээд ДЦС-д тос арчих материалд өгдөг" гэлээ. Иргэд энэхүү аянд нэгдэж өөрсдийн хэрэглэхгүй байгаа хувцсаа хэрэгтэй нэгэнд нь хандивлахыг хүсвэл Оюутын 11-2 тоотод байрлах “Ногоон бүрд" био дэлгүүрт өгөх боломжтой.

Холбоотой мэдээ