Автомашинд давхар дугаар хэрэглэдэг зөрчил ихэсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗЦГ-ын бүртгэлээр давхар дугаар ашиглах зөрчил арилахгүй байгааг онцолж байна.
2012 оноос дугаарын хязгаарлалтыг хэрэглэж эхэлснээс хойш ийм зөрчил ихэсчээ. Давхар дугаар хэрэглэсэн зөрчил 2013 онд 144 бүртгэгджээ. Харин 2014 онд 189 болж нэмэгдсэн байна. Тэгвэл энэ оны есөн сарын байдлаар давхар дугаарын зөрчил 179 бүртгэгдсэн байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Гансүхээс тодруулахад “2013 онд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр хяналтын хэлтэс байгуулагдсан. Торгуулийн хуудсыг жолооч нарт илгээж эхлэх үеэс л давхар дугаарын асуудал анх илэрсэн. Давхар дугаар ашиглах зөрчил өнөөдрийг хүртэл буурахгүй байна” гэв.
Зайлшгүй тохиолдлоор автомашиныхаа дугаарыг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэхээр болбол Автотээврийн үндэсний төвд хандах шаардлагатай юм. Өнгөрсөн онд нэг дугаар долоон автомашинд тавьсан тохиолдол илэрчээ. Тэгвэл өнөөдөр нэг дугаар 3-4 тээврийн хэрэгсэлд байна гэсэн үг.Цагдаагийнхны судалгаагаар нэг дугаарыг 3-4 машин хэрэглэдэг нь 30-35 хувьтай байсан бол одоо 2-3 машин нэг дугаарыг давхар хэрэглэх явдал 50-60 хувьтай байна.
Ж.Батсайхан
Сэтгэгдлүүд