Тусгай хамгаалалттай газарт 2800 орчим айлд өмчлөлөөр газар олгосон гэх асуудал үүсжээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-19 20:29:41

Төв /МОНЦАМЭ/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг тусгай хамгаалалттай газар нутагт орон нутгийн шийдвэрээр 2800 орчим айлд өмчлөлөөр газар олгосон гэх асуудлын дагуу газар дээр нь очиж танилцлаа.


Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой байтал орон нутгийн шийдвэрээр газар олгосон нь маргаан үүсгэж, эцэстээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд хандсан байна.


Түүнчлэн, Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох, орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн талаар хамгаалалтын захиргааныхан онцолж байна. 


Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар байдаг ба улсын нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь буюу нийт 32.7 сая га нутаг дэвсгэрийг эзэлдэг байна. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас газар ашиглах гэрчилгээ олгож, гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлдэг байна.  

Холбоотой мэдээ