МАА-н үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-21 13:19:24

Дорнод /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрх болон малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад сүүлийн дөрвөн жил дараалан Дорнод аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч, гурван сая толгойд хүрчээ.

Дорнод аймаг хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ ХАА салбарыг тодорхойлж,  хөгжлийн хэтийн зорилтдоо тусгаад байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон “Аймгийн залуу малчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, аймгийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 гаруй малчныг малжуулаад байна. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар 2020 онд батлуулан жил бүр 100 өрх бүрээс нэг иргэнийг байнга ажилтай болгох зорилт тавин ажиллаж байгаа.

ХАА-н салбарт гурвалжин будаа боловсруулах, мах бэлтгэх болон малын тэжээлийн үйлдвэрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж эхлээд байна. Тиймээс цаашид сүүний үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны агуулах, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг чиглэлд хувийн хэвшлийнхний санал санаачилгыг дэмжин ажиллана гэлээ.   

Холбоотой мэдээ