Тэмээний баярт 2 аймгийн 6 сумын тэмээчид оролцлоо

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-02-21 13:47:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Өмнөговь аймгийн Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо сумын тэмээчид оролцсон, гурван насны тэмээ уралдуулсан, ашиг шим сайтай ингэ, буураа шалгаруулсан, тэмээний ахуй, өв соёлоо хадгалсан “Тэмээний баяр” үйл ажиллагааг Дэлгэрхангай суманд зохион байгууллаа.  

Тус үйл ажиллагааг Дундговь аймгийн ЗДТГ,  ХХААГ, Дэлгэрхангай сумын ЗДТГ, тус сумын Тэмээчдийн холбоо хамтран энэ сарын 17-нд зохион байгуулсан юм.

Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, тэмээний гайхамшиг, ач тус, өв соёлыг таниулан сурталчлах, залуу тэмээчдэд туршлага өвлүүлэх ач холбогдолтой энэхүү тэмээний баярын үеэр атан тэмээ, тайлаг, торомны уралдаан болж, “Сайхан буур”, “Сайхан ингэ”, “Сайхан тэмээтэй ганган хос” шалгаруулан, буйл зорж, бурантаг томж өрсөлдөн, Тэмээний ашиг шим үзэсгэлэн худалдааг гаргажээ.

Атан тэмээний уралдаанд 35 тэмээ уралдаж, Дэлгэрхангай сумын тэмээчин Г.Амгаланбаатарын ат түрүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчин Т.Ууганбаярын 3 тэмээ удаалан, Дэлгэрхангай сумын тэмээчин Б.Буян-Өлзийгийн уяж уралдуулсан тэмээ тавдугаар байрыг эзэлжээ.

Тайлаг тэмээний уралдаанд 16 тэмээ уралдаж, Дэлгэрхангай сумын тэмээчин Н.Отгондэлгэрийн хоёр тайлаг нэг, гуравдугаар байр, Цогт-Овоо сумын тэмээчин А.Мөнгөнцогтын тайлаг хоёр, Дэлгэрхангай сумын тэмээчин Ч.Тогтохсүрэн, Д.Сүхбаатар нарын уяж сойсон тэмээ удаах байруудад оржээ.

Торомны  уралдаанд 28 тором уралдаж, Хулд сумын яач Л.Төмөрсүх, Дэлгэрхангай сумын тэмээчин Н.Отгондэлгэр, Цогт-Овоо сумын тэмээчин Т.Ууганбаяр, мөн сумын тэмээчин Т.Уламбадрах, Өмнөговь аймгийн Ноён сумын уяач Б.Хүрлээ нарын тором эхний тавд хурдалсан байна.

Бурантаг томох тэмцээнд Дэлгэрхангай сумын тэмээчин С.Ганбаатар түрүүлж, Хулд сумын тэмээчин У.Цэндсүрэн, мөн сумын тэмээчин П.Бор нар удааллаа.

Харин буйл зорох тэмцээнд Дэлгэрхангай сумын тэмээчин С.Ганбаатар түрүүлж, Хулд сумын тэмээчин Л.Төмөрсүх, тэмээчин Ц.Цэрэнсоном нар хоёр, гуравдугаар байрт шалгарчээ.

2022 оны “Сайхан буур”-Дэлгэрхангай сумын тэмээчин А.Мөнхтөр, Хулд сумын тэмээчин Ц.Цэрэнсоном, мөн сумын тэмээчин Б.Баянжаргалын Хүрэн бор буур эхний байруудыг эзэлсэн бол “Сайхан ингэ”-ээр Хулд сумын тэмээчин Б.Баянжаргалын Хүрэн ингэ 1-р байр, мөн сумын тэмээчин С.Батжаргалын Хүрэн улаан ингэ 2-р байрт, Дэлгэрхангай сумын тэмээчин С.Цогтгэрэлийн ингэ 3-р байрт шалгарсан.

Дэлгэрхангай сумын тэмээчин Ч.Пүрэвсүрэнгийн гэр бүл, Өлзийт сумын тэмээчин Б.Батцэнгэлийн гэр бүл, Дэлгэрхангай сумын тэмээчин М.Жаргалсайханы гэр бүл “Сайхан тэмээтэй ганган хос”-оор шалгарсан бөгөөд “Хамгийн зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Хулд сум шалгарч, ирэх жилийн “Тэмээний баяр”-ыг сумандаа тэмдэглэх эрх авчээ.